Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй татвар, нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал, шинэчлэлийн талаар ярилцсанаа хүргэе. Тэрбээр хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах нийтийн цахим өргөдөл гаргасан нь долоо хүрэхгүй хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүний санал авч, холбогдох байнгын хороо, ажлын хэсэг энэ асуудлыг анхааралдаа аваад буй юм.
-Таны гаргасан санал, өргөдлийн дагуу хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг УИХын дарга холбогдох хүмүүст үүрэг болгосон. Хуулийн төсөл боловсруулна гэдэг эцэслэн батална гэсэн үг биш, анхаарсан, хэлэлцсэн дүр эсгээд орхих ч магадлалтай. Таны санал “хууль болно” гэдэгт хэр итгэл үнэмшилтэй байна вэ?
-Энэ санаачилга маш богино хугацаанд 100 мянган иргэний дэмжлэг авсан. Тэр даруйд УИХ-ын дарга Төсвийн байнгын хороонд эл асуудлыг хуваарилсан юм. Төсвийн байнгын хороо ажлын долоо хоногт багтаан хэлэлцэх журмынхаа хүрээнд хуралдаад, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан татварын хуулиудыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг рүү үүнийг шилжүүлээд буй.
Нийтийн өргөдөл, гомдлын “D-parliament” систем бий болсноос хойш 100 мянган иргэний дэмжлэг авсан асуудлууд хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ гэдгийг судалж үзлээ. 2023 онд гэхэд гурван өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурж, дэмжжээ. Үүний хоёр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой өргөдөл байна. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хүртэлх хувиар бууруулах, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгож нэмэгдүүлэх өргөдөл саналын босгоо давжээ.
Түүнчлэн “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдээ асарч буй эхчүүдэд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх санаачилгыг 100 мянган хүн дэмжсэн. Эдгээрийг мөн одоогийнх шиг холбогдох байнгын хороо руу шилжүүлсэн ч УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн болоод л орхичхож. Бодитой үр дүн гараагүй гэсэн үг. Харин өнгөрсөн онд ганцхан өргөдөл 100 мянган хүний дэмжлэг авчээ. Тэр нь газрыг 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх заалтыг эсэргүүцсэн өргөдөл байсан. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулсан ажлын хэсэг үүний дагуу хуулийн заалтыг боловсруулж, парламентаар батлуулсан юм билээ. Харин энэ он гарснаас хойш ганцхан өргөдөл саналын босгоо давсан нь хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах санаачилга байлаа.
ТӨСВИЙН ОРЛОГО ЗУРГАА ДАХИН ӨССӨН Ч ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДОРДЖЭЭ
-Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах чиглэлээр хууль тогтоогч¬дод хаягласан, албан ёсны өргөдөл гаргасан нь эдгээр тохиолдол болохоос иргэд, аж ахуйн нэгжүүд хоолойгоо сөөж, тэнхээгээ тасартал энэ асуудлаар “хашхирч” ирсэн. Гэтэл үүнийг өөрчлөх боломж, давуу эрхийг атгаж суугаа хууль тогтоогчид ер хөдөлдөггүй. Өнөөдөр ч тэдний зарим нь “татвар, шимтгэлийг бууруулах боломжгүй, хөрсөнд буухуйц зүйл ярь” хэмээн гэдийж буй.
-Ер нь түүхээ эргэж хармаар юм билээ. Өнгөрсөн хугацаанд төсөв яаж өссөн бэ гэдгийг харахад л олон зүйл тодорхой. Улсын төсвийн орлогыг арван жилийн өмнөхтэй харьцуулахад бараг зургаа дахин өсжээ. Гэтэл энэ хугацаанд голч цалин ердөө гурав дахин л нэмэгдэж. Угтаа бол төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр улс орон хөгжиж, иргэдийн орлого, ахуй амьжиргаа сайжрах ёстой шүү дээ. Бид маш энгийнээр ингэж ойлгодог. Харамсалтай нь, бодит байдалд энэ ойлголт худлаа юм байна. Улсын төсөв өсөхийн хэрээр төрийн оролцоо нэмэгдэж, бүтэц, орон тоо нь данхайсаар иржээ. Тэр хэмжээгээр иргэд ядуурч туйлдсаар. Энэ нүсэр бүтцийг санхүүжүүлэхийн тулд төр татвар, шимтгэлийн нэр, төрлийг олшруулж, хувь хэмжээг нь өсгөдөг юм байна. Ийм зүй тогтол яван явсаар эцэстээ тулчихлаа. 126 гишүүнтэй анхны парламент улс орноо хөгжлийн гараанд аваачих томоохон өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хийж чадах уу, үгүй юү гэдгийг татварын хуулиудын шинэчлэл харуулна. Хэрэв энэ парламент төрийн байгууллагын одоогийн данхар, нүсэр бүтцийг хадгалж үлдвэл татварын бодлогоо өөрчлөөд ч нэмэргүй, ахиц дэвшил гарахгүй. Иргэд татвар, төрийн дарамтад өртөж, туйлддаг байдал хэвээрээ үргэлжилнэ. Олзуурхууштай нь шинэ парламентад үүнийг олж харсан, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг хууль тогтоогч цөөнгүй. Мэдээж татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг, мэтгэлцээн нийгэмд өрнөнө. Засгийн газар татвар, шимтгэлийг бууруулахгүй гэдэг байр сууриа хадгалах байх. Харин зайлшгүй бууруулах шаардлагатай гэдгийг олоод харчихсан хүмүүс парламентад бий. Өнөөдөр (өнгөрсөн мягмар гарагт) гэхэд УИХ-ын нэр бүхий гурван гишүүн хувь хүний орлогын албан татварыг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачлахаа албан ёсоор мэдэгдлээ. АН-ын бүлэг тэдний саналыг зарчмын хувьд дэмжихээ илэрхийлж. Цаашид олон гишүүн энэ санаачилгыг дэмжиж, хуулийн төсөл өргөн барих болов уу. Миний хувьд ч өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ, өргөдөл гаргаад орхичихгүй. Парламентад суудалтай намуудын төлөөлөл, УИХ-ын гишүүдэд иргэдийн саналыг уламжилж, танилцуулга, мэдээлэл хүргэнэ.
-Зургаан хоногт 100 мянган гарын үсэг цуглуулна гэдэг маш “том” тоо л доо. Цаа¬сан дээр гарын үсэг зурах нэг хэрэг, цахим систем рүү нэвтэрч, дэмжлэгээ батал¬гаажуулна гэдэг арай өөр. Иргэд зорьж, эсэргүүцэж, тэмцэж санал өгчээ гэж харлаа.
-Цахим өргөдөлд зөвхөн баталгаажсан тоон гарын үсэг ашигладаг шүү дээ. Төрийн цахим үйлчилгээ, мэдээлэл солилцооны “И-Монголиа”, “Хур”, “Дан” зэрэг системээр дамжин орж, зөвхөн өөрийнхөө нууцлалыг хадгалсан, хамгаалсан цор ганц эрхээрээ давхардуулахгүй гарын үсэг зурдаг тул энэ бол маш “том” тоо, өндөр үзүүлэлт. Үүний 62 мянга нь нийслэлчүүдийн төлөөлөл, 85 хувь нь 18-40 насны залуучууд. Өөрөөр хэлбэл, ид хөдөлмөрийн насны хүмүүс татварын дарамтыг бууруулах нь зүйтэй гэсэн байр сууриа идэвхтэй илэрхийлсэн. Хэрэв хангалттай дэмжлэг авсан гэж санал хураалтыг зогсоогоогүй бол энэ өргөдөлд 30 хоногийн хугацаанд 300-400 мянган хүн гарын үсэг зурах байсныг ч үгүйсгэхгүй.
-Хувь хүний орлогын албан татварыг тодорхой хувиар бууруулах, эсвэл бү болиулах саналыг хүмүүс байнга л дэвшүүлдэг. Та ямар үндэслэлээр, юунд тулгуурлаж үүнийг нэг хувь болгох нь зүйтэй гэж үзсэн бэ?
-Хувь хүний орлогын албан татвар нь дотроо тав, зургаан бүлгээс бүрддэг. Тэр дундаас хамгийн өндөр нь цалингийнх. 2024 оны гүйцэтгэлээс харахад хувь хүний орлогын албан татвараас төвлөрүүлсэн орлогын 81 хувийг цалингийнх эзэлж байна. 973 145 иргэн хоёр их наяд орчим төгрөгийг цалингаасаа орлогын албан татварт төлж л дээ. Бусад орны жишгийг харахад нийт цалингийн дүнгээсээ бус, зөвхөн ашгаасаа татвар төлдөг юм байна. Өөрөөр хэлбэл, байрны түрээс, ус, цахилгаан, утасны төлбөр зэрэг хэрэглээний зардлуудыг хасаж тооцсоны дараах дүнгээс нь төр татвар авдаг, жилийн эцэст буцаалт өгдөг байх жишээтэй. Харин манай улсад бол иргэдийн цалин амьдралд нь хүрнэ үү, үгүй юү, хамаагүй, нийт дүнгээс нь 10 хувийн татвар бүхэлчлээд авчихдаг. Энэ татварыг нэг сая орчим иргэн төлдөг гэхээр нэг өрхөд нэг хүн цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байна гэж тооцож болох нь. Тэгэхээр хүн амын орлогын албан татвар гэдэг бол нийт хүн амын, хөдөлмөрийн насныхны зонхилох нь үүрдэг дарамт юм.
Хувь хүний орлогын албан татварыг 10, 15, 20 хувийн шатлалтайгаар тооцож авдаг. Сарын 10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн 10 хувийн татвар төлдөг. Нийт татвар төлөгчийн 99.2 хувь нь энэ ангилалд багтаж байна. Татварын хуулийг шинэчлэхээр ажиллаж буй хүмүүсийн ярьж байгаагаар энэ ангилалд багтдаг иргэдэд хөнгөлөлт үзүүлэхгүй, ачааг нь бууруулахгүй бололтой. Үлдсэн 0.8 хувьд хамаарах буюу 10 сая төгрөгөөс дээш орлоготой иргэн 8000 орчим л байгаа. Тэдэнд заавал шатлал тогтоогоод, илүү татвар авах шаардлагатай юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Өнөөдөр манай улсад дундаж давхарга бий болоогүй. Үүнийг энэ 8000 хүн л бий болгоно. Тэд илүү ашигтай, орлоготой ажиллавал компани байгуулна, шинэ технологи нутагшуулна, хөрөнгө оруулалт татна. Угтаа тэд манай улсын хөгжлийг авч яваа “торгон цэргүүд” шүү дээ. Хамгийн өндөр боловсролтой, бүтээмжтэй хүмүүс. Тэднийг татвараар шийтгэж болохгүй. Энэ 8000-ыг хэрхэн 50, 100 мянгад хүргэх вэ гэдэгт Засгийн газар анхаарах ёстой юм. Даанч тэд ажлаа хийхгүй байна. Нөгөө талд байгаа 10 хувийн татвар төлдөг “99 хувь”-иа илүү сайн дэмжиж “торгон цэргүүд”-ийнхээ эгнээг тэлэх ёстой.
ТӨР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ХИЙЖ, ЖОРЛОН БАРЬЖ БАЙНА
-Тэгвэл энэ “10 хувь”-иас төвлөрүүлдэг мөнгө нийт татварын орлогод хэр жин дардаг юм бэ. Зарим сайд, дарга нарын ярьж байгаа шиг үнэхээр л үүнийг л бууруулчихвал нийгмийн хөгжил ёроолдоо тулаад, улсын төсөв улайчих хэрэг үү?
-Татвар бууруулах талаар ярьж эхлэхээр л төсвийн орлого тасалдана, улс орон хэцүүднэ гэдэг. Угтаа бол эндээс төвлөрүүлдэг 2.5 их наяд орчим төгрөг татварын орлогын 6-7 хувьтай л тэнцэнэ. Гэтэл манай улсын татварын орлого сүүлийн жилүүдэд яаж өслөө дөө. Дөрвөн жилийн өмнөхөөс бараг л хоёр дахин өсчихсөн. Харин иргэдийн бодит цалин орлого энэ хэмжээгээр өссөн үү гэвэл огт үгүй. Төсөв яагаад ийм “аймшигтай” тэлээд байна вэ гэхээр янз бүрийн татвараар л үүнийг тэтгэж байгаа. УИХ 2022 онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цалингаас авдаг хувь хүний орлогын албан татварыг гурван шатлалтай болгосон. Өнгөрсөн онд нийслэлийн татварыг хоёр дахин нэмлээ. Энэ оноос иргэд зөвхөн автомашинтай холбоотой 3-4 татварыг 2-5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж эхэллээ. Төр нүсэр бүтцээ санхүүжүүлэхийн тулд татвар, хураамжийн хувь хэмжээг яг ийм байдлаар нэмж, шинээр бий болгон иргэдийн бодит орлогоос хумсалдаг байх нь. Татвар бууруулах хангалттай орон зай бий. Юуны түрүүнд төрийн байгууллага дахь бүтэц, орон тооны давхардлыг багасгах шаардлагатай юм. Зарим оронд мянган хүнд ногдох төрийн албан хаагчийн тоо 10 байхад манайд 50-60 хүрчихлээ. Төрийн нүсэр бүтцийгсанхүүжүүлэхэд биш, иргэдээ орлоготой болгоход анхаарах хэрэгтэй. Ингэж байж иргэд эрүүл мэнд, боловсролдоо анхаарч эхэлнэ, улс орныхоо хөгжилд санаа тавьдаг болно. Иргэдээ ядууруулах бодлого хэрэгжүүлээд байвал энэ улс хэзээ ч хөгжихгүй. Авлига, хулгай буурахгүй, хүн амын дундах өвчлөл, боловсролын ялгаатай байдал ч багасахгүй.
-Татвар, шимтгэлийн хувь хэмжээг бууруулбал төсвийн орлого тасарна, даатгалын сан дампуурна гэдэг тархи угаалтын шинжтэй мэдээллийг улс төрчид, холбогдох салбарын сайд, дарга нар санаатайгаар түгээдэг нь иргэдийг айдсаар удирдах гэсэн тактик шиг санагддаг. Ийм агуулгатай мэдээлэл нь эцсийн дүндээ “Та бүхэн тэтгэвэр, тэтгэмж авах ар¬гагүй болно шүү” гэх сүрдүүлэг, занал¬хийллийн шинжтэй байдаг.
-Манай иргэд, аж ахуйн нэгжүүд хангалттай татвар төлдөг. Монгол Улсын 3.5 сая иргэн зөвхөн энэ оны төсөвт 33.5 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр өдөр, шөнөгүй ажиллаж байна. Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанаржуулахад, аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл бүрдүүлэхэд, бизнес хөгжих дэд бүтэц бий болгоход зарцуулах ёстой юм. Гэтэл төр өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хоолны өдөрлөг хийж байна. Хөдөө 100 км тутамд жорлон барина гэнэ. Энэ мэтчилэн өөрсдийн хийх ёсгүй, үр ашиггүй ажлуудад төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулсаар. Хоёрдугаарт, төр олон салбарт оролцоогоо хэт тэлж, хүчээ тарамдах боллоо. Төр оролцох ёстой зүйлдээ оролцоод явбал л улс хөгжих нь ээ. 200-300 мянган албан хаагчийн хэрэг алга аа. Сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Албан тушаалаасаа буусан хүн айж эмээхгүйгээр бодит үнэнийг ярьдаг юм байна. Тэд “Сумд төрийн албаны 20-30 орон тоо хэрэггүй, 7-8 хүн байхад л хангалттай. Тэнд ажил үүргийн маш их давхардал байдаг, төрийн албан хаагчид хамаг цагаа тайлан, тооцоо нэртэй цаасанд үр ашиггүй зарцуулдаг. Үүнийг цахимжуулчихвал хүн хүчээ хэмнэнэ, бусад зардлаа ч бууруулна. Ингэж хэмнэсэн мөнгөө боловсрол, эрүүл мэндийн үр ашигтай ажлуудад зарцуулмаар байна” гэж ярилаа. Харамсалтай байгаа биз дээ. Улсын төсвийн орлого сүүлийн 10 жилд зургаа дахин өссөн атал бид эрчим хүчний хараат байдлаасаа гарч чадсангүй. Уг нь энэ хугацаанд хэд л бол хэдэн цахилгаан станц барьчих боломжтой. Энэ их мөнгийг төрийн данхар, бүтээмжгүй бүтэц рүү “цутгасаар” иржээ. Цаашид ийм байдлаар явж болохгүй. УИХ, Засгийн газар татвар, нийгмийн даатгалын тогтолцоог үнэхээр л шинэчилье гэж байгаа бол төрийн бүтцээ давхар өөрчил. Тэгж байж л татварын ачаалал бодитоор буурна. Р.ШИНЭГЭРЭЛ: Төрийн нүсэр бүтэц, орон тоог хумихгүй бол иргэдэд ирдэг татварын дарамт буурахгүй.
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАМГИЙН ИХ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ
-Төр татварын бодлогоо өөрчлөхгүй, уян хатан болгохгүй аваас аж ахуйн нэг¬жүүд, бизнес эрхлэгчдийн ирээдүйн хувь заяа хаашаа эргэх вэ. Одоо тэд үгээ хэлж, үүд хаалгаа барьж байна шүү дээ?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчид шантарч байна. Ийм дүр зураг хаа сайгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдаа алдаад дууслаа. Ганцхан салбарт цөөн хөрөнгө оруулагч тогтож үлдсэн нь уул уурхай. Гэтэл стратегийн орд гэх улстөржсөн асуудлаас болоод үлдсэн хүмүүс нь бүгдээрээ гараад явчхаж ч магадгүй. Тэгвэл бид бүр л хэцүү байдалд орно. Нэгэн бизнес эрхлэгчтэй сүүлд уулзлаа. Нийт борлуулалтын орлогоосоо татвар, хураамжаа хассан чинь 50-60 хувь нь “явчхаж” байна гэнэ. Үүнээсээ дахиад үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгөө хасахаар ер нь юм үлдэх янзгүй нь гэж ярилаа. Хамгийн их дэмжлэг хэрэгтэй хэсэг бол жижиг, дунд үйлдвэрийн салбар юм. Энэ салбарын аж ахуйн нэгжүүд цөөн ажилтан цалинжуулдаг, бага хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг боловч хөдөлмөрийн зах зээлд хамгийн олон ажлын байр бий болгодог. Тэдэнд татварын бодитой дэмжлэг, хөнгөлөлт зайлшгүй хэрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд гэвэл нэг хэсэг нь төлдөг, нөгөө хэсэг нь төлдөггүй, ялгаатай байдал үүсээд буй. Яавал бүгдийг нь төлүүлдэг болгох вэ, тэндээсээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн буцаалт олгох вэ гэдгийг холбогдох хүмүүс нь харьцангуй сайн судалж байгаа гэж ойлгосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд гэхэд жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд ашгийн нэг хувийн албан татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож өсгөхөөр хуулийн төсөлд тусгаад буй юм билээ. Энэ бол дэвшил. Харин өндөр орлоготой, томоохон аж ахуйн нэгжүүдэд шаталсан татвар ногдуулахаар ярьж байна. Үүнийг маш сайн судалж, эргэж харах ёстой болов уу. Жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжихийн сацуу томоохон бизнесүүдээ илүү өргөжүүлж, олон улс, бүс нутагт гаргах нь чухал. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах татварын бодлого манай улсад алга. Гадаадын хөрөнгө оруулагчид ногдол ашиг авахын тулд маш өндөр буюу 20 хувийн татвар төлдөг. Манайх шиг татварын хэцүү бодлоготой улсад, ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх үү гэдэг нь эргэлзээтэй. Дэлхий нийтийн жишгээр хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллаж, хөгжье гэвэл хуучны арга барил, айдсаасаа салах хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх асуудлыг ч иргэд энэ өдрүүдэд дуу нэгтэй хөндөж байна. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл боловсруулж байгаагаа ч зарласан. Энэ талаарх таны байр суурийг сонирхъё?
-Нийгмийн даатгалын тогтолцоо бол татвараас ангид зүйл. Гэхдээ л ялгаагүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт учруулдаг. Аж ахуйн нэгжүүд ажилтандаа багахан шагнал, урамшуулал өгсөн ч тэндээсээ улсад шимтгэл төлдөг. Дээрээс нь цагаар, түр гэрээгээр, улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс ч өндөр хувь хэмжээгээр шимтгэл төлсөөр ирсэн. Энэ нь тухайн аж ахуйн нэгжид төдийгүй хөдөлмөрийн зах зээлд асар халтай тогтолцоо. Аж ахуйн нэгжүүд хүмүүсээ аль болох тав тухтай орчин нөхцөлд ажиллуулж, ажлын байрыг нь хадгалах, дэмжих, хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэхийг эрмэлздэг. Гэтэл тэр болгоноос нь татвар, шимтгэл аваад байхаар энэ зорилго нь хязгаарлагдчихдаг. Ажилтан, ажил олгогчоос татвар, шимтгэл давхардуулан авдаг явдлыг нэн даруй өөрчлөх шаардлагатай.