Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба манай улсын Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийсэн юм. Тус албаны хуулийн мэргэжилтнүүд урьдчилсан зөвлөмжөө өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улс төрийн намын гишүүнчлэл, бүртгэл, намыг татан буулгах, дотоод зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явц, төрийн санхүүжилт, хандив, жендер болон нийгмийн сонирхолт бүлгүүдийн оролцоо, ил тод байдал тайлагнах үйл явц, хяналт, хариуцлагын талаарх хуулийн холбогдох заалтуудыг үүнд багтаажээ.
Зөвлөмжийн гол саналуудаас дурдвал, хуулийн 5.1 дүгээр зүйлд тусгасан улс төрийн нам үүсгэн байгуулж, эвлэлдэн нэгдэхэд “сонгуулийн эрх бүхий иргэн” байх гэсэн заалтыг хасах, хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй иргэдийн улс төрийн намын гишүүн болох боломжийг хангах эрхийг харгалзан үзэх, улс төрийн намд гишүүнээр элсэхийг хориглосон төрийн албан хаагчийн ангиллыг тусгасан “төрийн жинхэнэ албан хаагч” гэсэн нэр томьёог илүү тодорхой болгох, хуулийн 14.10-т тусгасан УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй гэсэн заалтыг хүчингүй болгохыг харгалзан үзэх, улс төрийн намыг татан буулгах тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээс үл хамааран Улсын дээд шүүх нь тус хуулийн зүйл, заалт болон холбогдох нотлох баримтуудыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэйг хууль, тогтоомжид тусгах гэжээ. Мөн намыг татан буулгах боломжит, онцгой нөхцөл байдал зэргийг эцсийн арга хэмжээ болгож, хууль ёсны үр дагавартай, пропорционал байдлын хатуу стандартын дагуу илүү нарийсган, томьёолох, улс төрийн намуудад бүтэц, дотоод зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явцыг тодорхойлох, бие даасан байдлыг хангахыг тусгажээ. Мөн эмэгтэй нэр дэвшигч нэрээ татвал оронд нь ижил хүйсийн хүнийг дэвшүүлэх гэх мэт зэрэг дэвийн журам нэвтрүүлэхийг сануулжээ. Ардчилсан институт, хүний эрхийн албанымэргэжилтнүүд энэ сарын 11-нийг хүртэл оролцогч талуудтай уулзаж, хуулийн хэрэгжилтийгтодруулан, урьдчилсан зөвлөмжид тусгасан шүүмжийн талаар санал солилцож, нэмэлт өөрчлөлт оруулах гэнэ.
Ч.Болор