Боловсролын ерөнхий хуульд бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсрол, жендерийн эрх тэгш байдлын талаарх агуулга тусгахаар заасан. Үүний хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах ажлын явцад хүний эрхийн агуулга шингээсэн, эсэхийг шинжлэхээр болжээ. ХЭҮК-ынхон өмнө нь 2023 онд “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн “Иргэний боловсрол”, 9-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хүний эрх, жендерийн үүднээс дүн шинжилгээ хийж байв. Улмаар сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын агуулгыг тусгах зөвлөмжийг Боловсролын яаманд хүргүүлжээ. Цаашид сургуулийн өмнөх болон бага ангийнхны сурах бичигт хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын агуулгыг хэрхэн тусгасныг шинжлэн судлахаар болжээ. Энэ чиглэлээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэнтэй хамтран ажиллах гэнэ.
Ташрамд дурдахад, ХЭҮК-ын өмнөх зөвлөмжийн дагуу Боловсролын яамныхан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг өнгөрсөн онд Засгийн газраар батлуулжээ. Үүний хүрээнд сургуулийн өмнөх болон бага боловсролын нийт есөн сурах бичгийн гарын авлага, судлагдахууны хөтөлбөр, дасгал ажлын дэвтэр, багшийн номыг шинэчлэн боловсруулж, нийслэл, орон нутгийн нийт 27 сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж, санал авч эхэлсэн байна. Шинэчилсэн сурах бичгүүдийг ирэх хичээлийн жилээс бүх сургуульд нэвтрүүлэх аж.
М.Оч