Үндэсний номын сангийнхан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус номын сангийн шинэ байранд зохион байгуулж буй эл хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын “Арвис”, “E start” сургуулийн сурагчид уг хөтөлбөрт хамрагдсан байна. Тэд Үнэт ховор номын музей, Хуучин судар номын сан хөмрөгт зочилж, үндэсний бичгийн уламжлалын талаар мэдлэг, мэдээлэлтэй болжээ. Мөн Үндэсний номын сангийн шинэ байрны бүтэц, зохион байгуулалттай танилцсан байна. Эдгээрээс гадна “Монгол гэр” сэдэвт виртуал үзмэрүүдийг сонирхож, Цагаан сарын баярын уламжлалт ёс заншлын талаар мэдээлэл авсан аж.
“Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр маргаашийг дуустал үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй анги, хамт олон Үндэсний номын сангийнхантай холбогдож болох нь.
М.Оч