Хар тамхи хэмээх барцадтай, хор аюултай бодист монгол залуус донтох нь ихсэж, түүнийгээ олж авахын тулд, эсвэл хэрэглэчхээд яахаас ч буцахгүй болж байна. Мансуурсныхаа дараа хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь тэжээдэг нохдодоо идүүлсэн гэх сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мансууруулах бодис наймаалдаг эр ЭХЭМҮТ-ийн хашаанд хоёр хүн хутгалж, аминд нь халдахыг завдсан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцэн зургаан жил хорих ял шийтгээд буй. Олон улсад маш их хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул хүүхэд, залуучуудын дунд ийнхүү “үүрээ засах” боллоо. Зарим хэргийг шийдвэрлэж буй бол шүүх дээр “мартагдсан” гэхэд хилсдэхгүй мансууруулах бодистой холбоотой хэрэг ч байгаа юм.
Хар тамхи борлуулдаг, тэднээс “бараа”-г нь худалдан авдаг бүлэг хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан 2019 онд илрүүлэн шалгасан. Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр хуучин нэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны зун шилжүүлснээс хойш шийдвэрлэж чадахгүй байгаа нэг хэрэг бий. Тодруулбал, Л.Туул, Д.Тунгалаг нарын 21 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан”, 18.5-3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Дээрх хоёр эмэгтэй тэргүүтэй олон холбогдогчийн дунд өмнө нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж, ял шийтгүүлж асан “Ландага” хэмээх нэрээрээ танил болсон Ё.Батцэнгэл зэрэг хүн бий. Мөн загвар өмсөгч бүсгүй ч тэдний дунд байсан. Түүгээр ч зогсохгүй, олны танил гэж хэлж болох, “Мотив” хэмээх хамтлагийн дуучин, “Жижгээ” гэх нэрээр нь зарим хүн мэддэг Б.Эрдэнэбаяр ч яллагдагчаар татагдсан байдаг. Энэ хэргийг тус шүүх “Ковид-19”-ийн цар тахлын жилүүдэд хэлэлцэлгүй хойшлуулсаар зарим хүнд холбогдох үйлдлийг нь тусгаарлан, хоёр жилийн өмнө шийдвэрлэсэн юм.
Харин өдгөө нэр дурдсан хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр болон Б.Эрдэнэ-Очир, Т.Билгүүн, Б.Одхүү, Б.Бат-Эрдэнэ, Г.Анхмаа, Э.Энхбилэг нарт холбогдох хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дамжин хэдэн жил товлож байна. Өөрөөр хэлбэл, тэд 2018 оноос хойш хууль хяналтын байгууллага, шүүхийн үүдийг сахисаар буй юм. Хамгийн сүүлд дээрх долоон хүнд холбогдох хэргийг энэ сарын 3-нд хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан хоёрдугаар сарын 24-нд хийхээр хойшлуулсан. Тэд чухам хэрхэн мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсаныг уншигчдадаа хүргэе.
Удаа дараа хэрэгт холбогдсон тэдний толгойг илсээр байх уу
Шүүхээр гэм буруугаа дэнслүүлэх гэж байгаа нэр дурдсан хүмүүсийн гурав нь эрүүгийн, тэр дундаа мансууруулах бодистой холбоотой хэрэгт өмнө нь ял шийтгүүлж, Өршөөлийн хуулийн үйлчлэлд ч хамрагдсан байх юм. Б.Эрдэнэбаяр, Т.Билгүүн, Б.Одхүү, Б.Бат-Эрдэнэ нар өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж үзэн нэг бус удаа ял шийтгэж байжээ. Тэдний зарим нь хулгай, дээрэм, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлдээ ял шийтгүүлжээ. Мөн гурван хүнийг нь мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайг шүүх тогтоон ял шийтгэсэн.
Тэгвэл дээрх долоон хүн энэ удаа бие биедээ мансууруулах бодис худалдсан, худалдан авсан хэрэгт холбогдоод байгаа юм. Тодруулбал, Б.Одхүү Орхон аймаг дахь гэртээ хадгалж байсан нэлээд их хэмжээний мансууруулах бодисыг 2020 оны зун Г.Анхмаа, Б.Бат-Эрдэнэ нарт өндөр үнээр худалдсан гэнэ. Тэдэнд хар тамхи зарснаасаа хойш 2-3 хоногийн дараа дахиад их хэмжээгээр олж авч, борлуулахаар тээвэрлэж яваад баригдсан аж.
Тэгвэл гэр бүлийн хоёр болох Г.Анхмаа, Б.Бат-Эрдэнэ нар Эрдэнэтэд очиж худалдан авсан “бараа”-гаа Улаанбаатар луу тээвэрлэн ирж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Содон” хорооллын орон сууцад хадгалжээ. Улмаар тэндээсээ Д.Эрдэнэ-Очирт багагүй хэсгийг нь борлуулж, Чингэлтэй дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын орчимд хүргэж өгсөн байна. Харин Д.Эрдэнэ-Очир нь “Лексус-570” загварын машиндаа тухайн бодисыг хадгалж байгаад цагдаагийнханд баригджээ. Тэрбээр мансууруулах бодис худалдсан, хадгалсан хэрэгт хоёр дахь удаагаа холбогдсон нь энэ. Өмнө нь гэр бүлээрээ нийлж ийм бодис наймаалж байсан Г.Тунгалагаас 2018 онд “бараа” худалдан авч, “Ландкруйзер-200” машиндаа тээвэрлэж яваад “гардуулсан” аж. Мөн 2019 оны сүүлчээр “Голден вилл” хотхон дахь гэртээ хадгалж байсан хар тамхийг Т.Билгүүнд худалдсан хэмээн яллагдагчаар татагдсан байна.
Тэгвэл Т.Билгүүн нь мөн л удаа дараа мансууруулах бодис наймаалсан, тэр дундаа “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт борлуулсан үйлдлийг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэнэ. Тодруулбал, Т.Билгүүн Э.Энхбилэг гэх залуугийн хамтаар Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, “Улаанбаатар” их дэлгүүрийн орчимд Л.Туулаас мансууруулах бодис худалдан авч түүнийгээ цааш нь “шаглаж” Ш.Эрдэнэзул, Т.Эрхэмбаяр нарт худалдсан хэрэгт холбогдсон байдаг. Үүнээс гадна 2019 оны арванхоёрдугаар сард “Жижгээ” буюу Б.Эрдэнэбаярт мансууруулах бодис олж өгөхөөр тохиролцон утсаар ярилцаад Д.Эрдэнэ-Очироос Т.Билгүүн авсан “бараа”-гаа дуучин залууд борлуулсан гэнэ.
“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярын хувьд мансууруулах бодистой холбоотой хэрэгт нэг бус удаа холбогдсон. 2019 оны арваннэгдүгээр сард нь бусдад хар тамхи худалдсан гэх хоёр үйлдэлдээ тэрбээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлж байгаа. Харин үүнээс өмнөх буюу 2018 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэбаярт хар тамхитай холбоотой хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж, давж заалдах шатны шүүх хорих ялыг нь нэг жил болгон багасгаж, 2018 оны арваннэгдүгээр сард хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан билээ. Түүнээс хойш дахин энэ төрлийн хэрэгт холбогдоод 2019 оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгах, шүүхийн шатнаас оргож байсныг зарим уншигч санаж буй нь лавтай.
Мансууруулах бодис зарсан хэргийг хэрэгсэхгүй болгож байв
“Мотив” хамтлагийн дуучин, “Жижгээ” хэмээх Б.Эрдэнэбаярыг бусдад мансууруулах бодис борлуулсан гэж прокурор, мөрдөгчийн зүгээс буруутган шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч буй юм. Өмнө нь нэг удаа тэдэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхдээ уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож байжээ. Б.Эрдэнэбаярыг Б гэх залууд Баянгол дүүргийн нутаг, “Наранбулаг” зочид буудлын орчимд мансууруулах бодис худалдсан гэж яллагдагчаар тооцсон байдаг. Уг нь Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Эрдэнэбаяр ахаас нэг удаа мансууруулах бодис худалдан авч байсан. СУИС-ийн байранд байрладаг студид нь дуугаа бичүүлье гэж би түүнээс гуйсан юм. Б.Эрдэнэбаяр ах ч “Болно” гэсэн. Тэгээд надаас “100 000 төгрөг өгчих, хүнээс юм авах гэтэл мөнгө дутаад байна” гээд авсан. Уг мөнгөнийхөө оронд мансууруулах бодис өгөхөөр тохиролцсон. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд Б.Эрдэнэбаяр ах залгаад бид “Наранбулаг” зочид буудлын орчимд уулзаж, “Лексус” загварын жийп дотор надад жижиг хэмжээтэй мансууруулах бодис өгснийг аваад салсан” хэмээн мэдүүлсэн юм. Тэгвэл шүүх өмнө нь 2023 оны дөрөвдүгээр сард эл хэргийг шийдвэрлэхдээ “Б.Эрдэнэбаярын Б гэх залууд хар тамхи худалдсан гэх үйлдлийг хэд хэдэн нөхцөл байдлаар дээрх үйл баримт тогтоогдоогүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбаярыг мансууруулах бодис худалдсан гэж яллаж байгаа бол түүнийг худалдан авсан этгээдийг яллагдагчаар татах үүрэг нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурорт үүснэ. Гэтэл тэр хүн гэрчийн мэдүүлэг өгөөд өнгөрчээ. Үүнийг алагчлал буюу “дабл стандарт” гэдэг. Мансууруулах бодис авсан Б гэх иргэн түүнийгээ алга болгосон, одоо байхгүй гэдэг. Иймд Б.Эрдэнэбаярыг мансууруулах бодис худалдсан гэж яллаж буй бодис нь хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж аваагүй, шинжлүүлээгүй, нөхөн тогтоох боломжгүй тул энэ хэргийг нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
Үүнээс гадна Б.Эрдэнэбаярын холбогдсон мансууруулах бодис өөрөө хэрэглэх гэж олж авсан үйлдлийг ч хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Т.Билгүүнээс хар тамхи худалдаж авсан цаг хугацаа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн үйл явдал нь Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсгийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэргийн үйлдлийн шинжид хамаарахгүй гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, С.Сэржмядаг, Ц.Урангуа нар дүгнэн, хэрэгсэхгүй болгож байв. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт оруулсан бөгөөд үүнээс өмнө мансууруулах бодис өөрөө хэрэглэхээр олж авсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж байсан билээ.
Б.Эрдэнэбаяр шүүх танхимд ухаан алдсанаар хурлыг хойшлууллаа
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, С.Сэржмядаг, Ц.Урангуа нар энэ хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд шийдвэрлэн, 433 дугаартай тогтоол гаргаж байв. Ингэхдээ Т.Билгүүн, Э.Энхбилэг нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан аж. Харин Д.Эрдэнэ-Очир, Б.Одхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилж, мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон байдаг. Улмаар Б.Одхүүд хоёр жил зургаан сар, Д.Эрдэнэ-Очирт гурав, Б.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нарт тус бүр хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн юм. Түүгээр ч зогсохгүй дээрх хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон байна.
Дээрх хүмүүст холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Шүүх нэг бус удаа товлосон боловч хойшлуулсаар байгаа талаар эхэнд дурдсан. Тэгвэл өчигдөр товлоод байсан шүүх хурлыг бас л хойшлуулах захирамж шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлэг эхлээд байх үед шүүгдэгч, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр хурлын танхимд биеийн байдал нь муудаж ухаан алдан, толгойгоо гэмтээсэн тул түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүднээс ийнхүү шийдвэрлэжээ.