Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сараар хүүхэд багачуудаа хаяа хатавчинд бус, хоймортоо байлгая, мэндлэх, хүндлэх ёс нэхдэг шигээ тэдэнд анхаарал халамж тавья. Монголчууд баяр ёслол тэмдэглэхээрээ хүүхдүүдээ мартчихдаг гэмтэй. Үндэсний их баяр наадмаар хүлэг морьдынхоо шандсыг сорьж байна гээд унаач хүүхдүүдийг зугаа цэнгэлийнхээ бай болгодог. Шинэ жил, хүүхдийн баяраар багачуудаа баярлуулах нэрийдлээр баахан чихэр, жимс тарааж, эрүүл мэндэд нь эрсдэл учруулдаг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон “Монгол цэргийн өдөр”-өөр томчууд нь хүүхдүүдээ анхаарах сөхөөгүй бие биенээ баярлуулж, хавтгайрсан дайллага цайллага хийдэг уламжлалтай. Хүүхдийнхээ төрсөн өдөр, даахь үргээх ёслол, төгсөлтийн баярыг ч утга учиртай тэмдэглэж чаддаггүй, анги хамт олноор нь баярлуулах нэрийдлээр сургууль, цэцэрлэгт нь амттан, чихэрхэн тарааж, бөөнөөр нь хордуулдаг “соёл” тогтсон. Харин Цагаан сарын баяраар хүүхдүүдийг хүний тооноос хасаж, хүндлэх ёсноос гадуур үлдээдэг гэхэд хилсдэхгүй. Нэгэн хүүхдийн зохиолчийн хэлсэнчлэн монголчууд багачуудаа сар шинээр хөөрөг бариулж, гаанс зуулгах нь холгүй “чимэглэдэг” ч ядраахгүй, зутраахгүй, хордуулахгүй байхад ер санаа тавьдаггүй. Яг үнэндээ Цагаар сараар идээ ундаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэж айл болгон ширээ дүүрэн хүнс, хоол зэхдэг ч тэр дунд нь хүүхэд идчихээр зүйл бараг байдаггүй. Хэд хоносон нь мэдэгдэхгүй баахан бүхэл мах, өнгө өнгийн амттан, хийжүүлсэн ундаа, жүүс, элдэв амтлагчтай салат, бууз л харагддаг. Айл болгоны амттай, амтгүй буузнаас эцэг, эхийнхээ шахалтаар хэд гурвыг идсэн багачуудын ходоод баярын өдрүүдэд хэрхэн хямардгийг төсөөлөхөд бэрх. Дээрээс нь хүүхдүүдийн алгыг дээш харуулж байна гээд мөн л амттан голдуу, нүд хуурсан зүйлс өгдөг. Тэрчлэн томчууд бага насны хүүхдүүд ханиад, томуу “бэлэглэдэг”. Өдөржин айлуудаар дагуулж явсан хүүхдээсээ “Ядарч байна уу” гэж асуух эцэг, эх ховор, эрт унтуулж амраахад санаа тавьдаг нь ч цөөн. Томчуудын анхаарал, ярианаас хүүхэд багачуудыг холдуулахдаа утас, зурагтаар голдуу аргацаадаг. Ингээд л Цагаан сарын дараа чихэр жимсэнд бялуурч, хүнд хоолонд хямарсан ходоодтой, томчуудын явдал суудалд чирэгдэж ядарсан, залхсан хүүхдүүд үлддэг. Энэ байдлыг халах цаг нь болжээ. Хүн бүр хүндлэлийн төвд байх ёстой гэгддэг уламжлалт баяраа ядаж хүүхэд багачуудад ээлтэй тэмдэглэе. Тэднийг хаяа хатавчинд бус, хоймортоо байлгая. Үүнийг зөвхөн сандал суудал, олбог ширдэгт залах агуулгаар хэлээгүй гэдгийг уншигчид гадарлаж буй биз ээ.
Н.Мишээл