Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил гарах гэж байсан манай улсын иргэн тээшиндээ түүх, соёлын эд өлгийн зүйл авч явсныг гаалийнхан саатуулжээ. Улмаар холбогдох байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулахад түүх, соёлын үнэт өвд тооцогдох зүйл болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас “Иргэн Э-ийн гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг эд өлгийн зүйл илрүүлэн, хураан авсан. Тэдгээрийг Соёлын өвийн үндэсний төвд шинжлүүлэхэд Монголын эзэнт гүрний тав дахь их хаан Хубилайн үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс гэдгийг тогтоогоод байна. Тодруулбал, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтээр “13.4-13.9 см-ийн диаметр бүхий, 351-406 гр жинтэй гурван хүрэл толь нь Монголын эзэнт гүрэн, Хубилай хааны үед хамаарах хос луутай, бадамлянхуа хийцийн толины төрөлд багтана” гэсэн. Одоогоор гурван хүрэл толийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн онд гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийнхээ дагуу гэмт хэргийн 55, зөрчлийн шинжтэй 2306 хэргийг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 27.4 хувийг бараа хууль бусаар нэвтрүүлэх зөрчил эзэлсэн” хэмээн мэдээлсэн юм.
Г.Орчлон