“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар “Улаанбаатар” театрын танхимд өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү, НПГ-ын хяналтын прокурор Л.Содбаяр, Ч.Батзориг, Г.Ганхөлөг, шүүгдэгч 24 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, нийслэлийн хуучнаар Нийтийн тээврийн газрын төлөөлөл, иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхныг оролцуулан шүүх хуралдааныг явуулж байна. Шүүх хурал эхлэхэд зарим шүүгдэгчийн өмгөөлөгч яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулж өгөөгүй, түүнийгээ гардуулах хүсэлт гаргасан. Мөн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож буй иргэнийг хэргийн материалтай танилцаагүй учраас хойшлуулах хүсэлт тавьсан. Шүүгч нар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар хурлыг үргэлжлүүлсэн юм. Энэ үед шүүгдэгч, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг яллах дүгнэлтийг нэгбүрчлэн уншуулах хүсэлт гаргаснаар улсын яллагч нар 24 хүнд холбогдуулан бичсэн дүгнэлтээ бүгдийг нь уншсан. Улмаар яллах дүгнэлтийг уншиж сонсгож дууссанаар хурлыг завсарлуулж, өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэхээр болов.
УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнд холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 11-нд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг есөн удаа товлосны эцэст ийнхүү хэлэлцэж эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон юм. БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан дээрх албан тушаалтнуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн билээ.