“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд дахин шилжүүллээ. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт нэлээд удаан хугацаанд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.10-1-т заасан “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэсний дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулж шалгасан байдаг. Тодруулбал, О.Баттөмөрийг “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд байрлах “Рояал каунти” хотхон дахь 200 ам метр талбайтай орон сууц, автомашины хоёр ч зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан юм. Уг нь түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 22-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон байдаг.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсаны нэг нь дээрх аж.
Г.Орчлон