“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор манайхаас гадна ОХУ, Индонез, БНХАУ зэрэг долоон улсын нийт 40 гаруй судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Хурлын эхэнд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт судалгааны ажлаа МУБИС-ийн багш, доктор Б.Төртогтох, профессор Ж.Батдэлгэр нар танилцууллаа. Тэд багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг бусад улсынхтай харьцуулжээ. Ерөнхийдөө багш бэлтгэх явц нь дэлхийн жишигт нийцэж байна гэж судалгааны багийнхан дүгнэсэн аж. Харин гадаадын судлаачид хүүхдийн суралцах явц өөрчлөгдөж байгаа тухай илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хичээлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг судлаачид онцолсон. Мөн багш нарын ур чадвар, мэргэжлийн зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй гэв. Түүнчлэн хүүхдүүдийн нас насны бүлэг ямар онцлогтойг харгалзан үзэж хичээлийн хөтөлбөрийг боловсруулах ёстой гэнэ.
А.Дөлгөөн