ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт улаанбурхан болон ханиад, томууны нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр “Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьетнам улсад аялсан иргэдээс гурав дахийнх нь онош батлагдлаа. Өвчилсөн иргэд энэ сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 нислэгээр орондоо ирсэн. Тиймээс эдгээр нислэгээр ирсэн зорчигчид халуурах, туурах, ханиалгах, нус гоожих, нүд нуухтаж, үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн I, II өрөөнд 08.30-22.30 цагт үзлэг, шинжилгээнд хамрагдана уу. Тодруулах зүйлсээ 8901-6199 утсаар лавлаарай. Мөн зорчигчид үнэн зөв мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Ингэснээр халдварын цар хүрээг цаг алдалгүй тодорхойлон, хариу арга хэмжээг яаралтай авч, хүн амын дунд өвчин тархахаас сэргийлэх боломжтой” гэсэн юм. Тэгвэл улаанбурхны дахин нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг өчигдөр зарлалаа. Тухайн иргэн энэ сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн байна.
Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын цочмог халдварт өвчин. Уг өвчнөөр өмнө нь халдварлаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр эрсдэлтэй. Тэр дундаа хүүхдүүд халдвар авсан тохиолдолд өвчин богино хугацаанд хүндрэх, улмаар эндэх аюултай тул товлолын дагуух улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалт (есөн сартай, хоёр настай)-д яаралтай хамруулахыг эмч нар зөвлөлөө. Мөн ханиад, томууны өвчлөл өмнөх долоо хоногийнхоос 15-20 хувиар нэмэгдсэн тул иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг сануулав. Ташрамд дурдахад, ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд улаанбурхан, томууны вакцинд хамрагдах боломжтой аж.
О.Ундрах