Хүмүүсийн амьдралын хэв маяг өдөр ирэх тусам өөрчлөгдөж, номын санг зоригсдын тоо цөөрч буй. Үүнийг ч судлаачид баталгаажуулсан. Тухайлбал, Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав “Манай улсад нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хүн амын 8.9 хувийг эзэлдэг. Идэвхтэй уншигч, эсэхийг нь шалгавал дахиад өөр дүн гарах байх. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй гэсэн үг” гэж судалгаандаа үндэслэн тайлбарласан юм. Тэгвэл үүний шалтгаан нь юу байж болох вэ. Юуны өмнө техник, технологийн хөгжил гэж олонх нь хариулах байх. Харин дараа нь ажлын ачаалал их, эсвэл номын санг зорих цаг зав бага байгаатай холбон тайлбарлах болов уу. Тиймээс номын сангийн үйлчилгээг хэзээ ч, хаанаас ч авч болох шийдэл өнөө цагийн уншигчдад зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, номын сангийн хүртээмжийг техник, технологийн хөгжлийг ашиглан сайжруулах шаардлагатай байна. Доктор Т.Хайдав номын сангийн хүртээмжийн талаарх судалгаандаа уншигчид номын сангийн үйлчилгээг гэртээ авахыг илүүд үзэж байгаа тул үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлагатайг дурджээ. Мөн нийтийн номын сангууд уламжлалт үйлчилгээнд илүү анхаарч, технологийн дэвшлийг шингээсэн, цахим уншлагын үйлчилгээ дутмаг байгааг онцолсон билээ.
Номын сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж цахим уншлагын үйлчилгээг үзүүлнэ” гэж заасан. Гэтэл манай улсад цахим уншлагын үйлчилгээ үнэхээр хангалтгүй түвшинд байгаа гэж дүгнэж болох. “Ковид-19” цар тахлын үед энэ байдал илт мэдэгдсэн. Хөл хорионы үед гэрээс гарах боломжгүй хүүхэд, залуус ном, сурах бичигтээ ч “хүрч чадахгүй” хүндхэн цаг үеийг туулсан.
Ихэнх их, дээд сургуулийн сайтад цахим номын сан гэсэн хэсэг бий. Гэвч тэдгээрээс нь ном унших бус зөвхөн тухайн сургуулийн номын санд ямар бүтээл байгааг хайх боломжтой. Өөрөөр хэлбэл, таны хайсан ном тухайн сургуульд байгаа, эсэх, аль танхимд байрлаж буй зэрэг танилцуулгыг харуулдаг гэсэн үг. Төрийн эзэмшлийн номын сангуудад ч ямар ном байгааг бүрэн мэдэж болдоггүй. Түүнчлэн үндэсний хэмжээний хайлтын систем ч алга байна. Уг нь Үндэсний номын сангаас ном зүйн жагсаалт гаргаж буй юм билээ. Ингэснээр өмнө нь дурдсан асуудлыг шийдэж болно гэж үзжээ.
МУИС анхдагч болов
Цахим уншлагын үйлчилгээг өргөжүүлэх эхний алхмыг МУИС-ийнхан хийжээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард тус сургууль бие даасан цахим номын сантай болсон. Уг номын сан нь олон улсын жишигт нийцсэн, Монголдоо анхдагч гэдгээрээ онцлог. Цахим номын сан нь 100 орчим ном, судалгаа, эрдэм шинжилгээний 5000 гаруй өгүүлэлтэй аж. Түүнчлэн номын сан дахь магистрын түвшний 6500 гаруй бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Ийм маягаар хуучны бүтээлүүдээс цахим номын сан руугаа шилжүүлж эхэлсэн гэнэ.
Харин Үндэсний номын сангийн цахим уншлагын үйлчилгээнд 142 ном, 56 сэтгүүл, судалгааны 892 бүтээл байна гэжээ. Энэ нь үндэсний гэх тодотголтой байгууллагын хувьд хангалттай тоо биш юм. Мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2011 онд цахим уншлагын үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Гэвч энэ үйлчилгээ нь одоо байхгүй. Тус байгууллагынхнаас тодруулсан ч ийм үйлчилгээ байсан, эсэхийг нь ч бараг мартжээ. Хэзээ нэвтрүүлсэн болон яагаад үйлчилгээгээ зогсоосныг мэдэх хүн байсангүй. Ерөнхийдөө манай улсад цахим номын сан ийм л байдалтай байна. Уг нь Номын сангийн тухай хуульд “Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Тэгэхээр цахим уншлагын үйлчилгээтэй холбоотой асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хариуцаж таарах нь. Гэтэл манай улсад үүнтэй холбоотой журам байхгүй. Номын сангийн талаарх 20 орчим стандарт мөрддөг ч тэдгээрт цахим уншлагын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй талаар цухас дурдсанаас өөр дорвитой заалт үгүй.
Бизнесийн зорилгоор л хөгжүүлж байна
Харин бизнесийн зорилгоор ашигладаг цахим номын сан манайд цөөнгүй. Тодруулбал, “Аз хур”, “Интерном” гэх мэт номын дэлгүүрийн цахим хуудсаар дамжуулан сонирхсон бүтээлүүдээ хэзээд худалдан авч болно. Ингэснээр номын эх текстийг онлайнаар уншина гэсэн үг юм. Ийм боломжийг бүрдүүлээд нэлээд хэдэн жил өнгөрч буй. Орон нутгийн, гадаадад оршин суугаа хүмүүс ийм үйлчилгээг түлхүү авдаг гэнэ. Энэ нь цаасан хувилбарыг худалдаж авахаас харьцангуй хямд аж. Тэгэхээр монголчууд ном, бүтээлийг цахимаар унших, хэрэглэхэд дадаад буй гэж үзэж болох. Харин төрийн өмчийн номын сангууд цахимаар уншигчдын шаардлагад нийцэхгүй байна.
Гадаадын судлаачдыг холбох “гүүр”
Мэдээж цахим номын сантай болсноор цаг зав хэмнэх ач тустай. Хоёрдугаарт, бакалавр, магистр, докторын түвшний судалгааны ажлуудыг цахимаар уншиж танилцах боломж хомс байдаг шүү дээ. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, эсвэл тухайн судлаач бүтээлийнхээ талаар мэдээлэх, цахим сүлжээндээ байршуулаагүй бол бидэнд тэдгээртэй танилцах боломж алга. Хэрвээ цахимаар судалгааны ажлуудтай танилцах боломжтой бол өргөн “үүд хаалга” нээгдэхээр байна. Жишээлбэл, олон улсад мэдээллийн солилцооны талаарх ойлголт өргөн тархсан. Энэ бол судлаачид хамтран ажиллах, мэдээллээ хуваалцах тухай ойлголт юм. Гэтэл өнөөдөр номын санд хэвлэмэл байдлаар хадгалагдаж байгаа монгол бүтээлтэй БНСУ, Япон, Америк зэрэг улсын судлаачид танилцах боломж бий бил үү. Бид улс дотроо ч сонирхсон сэдвийнхээ талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй байхад шүү дээ. Судалгаа хийхийн тулд архивын хэдэн арван материал шүүж, номын санд хонох нь энүүхэнд. Гэтэл өнөөгийн завгүй амьдралын хэв маягт ийм бололцоо хомс.
Түүнчлэн цахим сүлжээнд байршуулсан бүтээлүүдийг программ ашиглаж оюуны өмч зөрчсөн, эсэхийг тодруулж болдог. Ингэснээр оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх ач холбогдолтой. Гэхдээ программ зөвхөн цахим сүлжээнд оруулсан материалуудтай харьцуулж өгөгдлийг шалгадаг. Тиймээс цаасан хэлбэрээр хадгалж буй ном, судалгааны ажил үүний гадна орхигдох талтай. Харин томоохон хэмжээний цахим номын сантай болсноор энэ дутагдлыг нөхөж чадна. Нөгөөтээгүүр, тухайн бүтээлийн уншигчдын тоо ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь оюуны өмчийн маргааныг шийдэх давуу талтай. Нийгмийн бүхий л хэсэгт номын сангийн үйлчилгээг хүргэхийн тулд дэлхийн нийтийн хэрэглээг ингэж ашиглаж болно шүү дээ. Биднийг ийнхүү учраа олоогүй байтал гадаадад цахим номын сан хэдийн хөгжжээ.
Олон улсын жишиг
Гадаадын орнуудын хэд хэдэн жишигтэй танилцъя. Дэлхийн хамгийн томоохонд тооцогдох АНУ-ын Конгрессын номын санг гадаадын иргэд ч ашиглах боломжтой. Ингэхдээ бүтээлүүдтэй ямар хэлбэрээр танилцахаа сонгож болно. Жишээлбэл, аудио, текстээр, эсвэл зургаар гээд л хэд хэдэн хувилбараас сонгох нь. Ингэснээр номын сангийн үндсэн зорилго болох нийгмийн бүх гишүүнд хүртээмжтэй байх зэргийг биелүүлж буй хэрэг гэж үзэж болох юм. Бас ямар улсын бүтээл вэ гэдгээр нь ч хайж болдог юм байна.
Түүнчлэн Европын Холбооны номын сангийн нэгдсэн систем гэж бий. Тэнд Европын орнуудын номын сангуудын мэдээллийг нэгтгэсэн байх аж. Энэ нь хэрэглэгчдэд олон улсын номын санд байршуулсан бүтээлүүдийг олж үзэх боломжийг олгодог. Мөн тэнд Европ дахь номын сангийн сан хөмрөгийн мэдээлэл нээлттэй байна. Цахим санд бусад улсын зохиолч нар бүтээлээ байршуулж болдог аж. Ингэхдээ номын гол санаа болон зохиолчийн мэдээлэл байхад л хангалттай.
Харин Японы “J-Stagе” гэх судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн цахим номын санд 415 сэдвийн 5.8 сая орчим бүтээл байна. Ингэхдээ хүрээлэн буй орчин, философи, хими, физик, математик, эдийн засаг, хууль зүйн гээд 25 салбарын бүтээлээс сонгож үзэх боломжтой. Дээр дурдсан жишээнүүдээс бусад улс орон ч цахим номын сангийн үйлчилгээндээ анхаарал хандуулаад эхэлсэн. Харин манай улс дэлхийн жишгээс нэлээд хойно явна. Биднийг номынхоо нэрээр хайлт хийж байхад гадаадын орнуудад агуулгаар нь мэдээллийг “илрүүлэх” технологи ашиглаж байна. Мөн тухайн сэдэвтэй холбоотой бусад ном товхимлыг ч санал болгодог. Тиймээс цахим уншлагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарах цаг болжээ.
А.Тэмүүлэн