“Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “АрБиДи консалтинг” компанийн судалгааны багийнхан боловсролын салбарт 2021-2023 онд зарцуулсан төсвийг судалж, үр дүнг нь өчигдөр танилцууллаа. Ингэхдээ БШУЯ-наас баталсан төслийн зорилго үр дүнд хүрсэн, эсэхийг тодруулсан юм байна. УИХ жилийн төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөр, хүрэх үр дүнд анхаарал төдийлөн хандуулдаггүй гэж үзсэн тул энэ талаар судалж эхэлсэн байна. Ингэхдээ боловсролын салбарыг сонгож, сургуулийн өмнөх, мэргэжлийн, дээд, насан туршийн боловсролтой холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудыг сонгон авчээ. Эдгээрийг судлахдаа тухайн жилүүдийн гүйцэтгэлийн үнэлгээг өмнөх, дараагийн жилийнхтэй харьцуулж, БШУЯ-ныхан гүйцэтгэлийн тайландаа хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийг өөрсдөө хэрхэн дүгнэсэн зэргийг нь ч харгалзан үзсэн аж.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн “Хавсралт 1”-т хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн суурь түвшнийг тодорхойлоогүй байжээ. Үүнээс гадна жил жилийн зорилтот түвшнийг тодорхойлохдоо зохих суурь түвшин, тухайн үзүүлэлтийн хүлээгдэж буй гүйцэтгэл, чиг хандлага зэрэгт төдийлөн анхаарахгүй байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн боловсролын хэд хэдэн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байгааг тогтоосон аж. Гэсэн ч мэргэжлийн боловсролд анхаарсан ажлуудыг зорилтот түвшнээс хэт өндөр хувиар давуулан биелүүлсэн байжээ. Энэ нь анх төлөвлөхдөө жилийн дунджаас доогуур буюу хүчин чармайлт гаргахгүйгээр хялбар биелэгдэх байдлаар сонгосон байж болзошгүйтэй холбоотой байв. Мөн БШУЯ болон бусад байгууллагатай хамтран гаргасан тайланд зарим үр дүнгийн биелэлтийг зөрүүтэй тайлагнасан байсан гэнэ. Иймд үр дүнгийн үзүүлэлт, суурь түвшин зэргийг бодитой тодорхойлсон, эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, тоон мэдээллийн найдвартай байдлыг нягтлах шаардлагатайг судалгааны багийнхан онцолжээ.
А.Үүл