Монгол Улсын багш нарын англи хэлний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас 500 мянган фунт стерлингийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. Британийн Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран эл ажлыг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хэрэгжилтийг нь Боловсролын яам хариуцах гэнэ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Англи улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Монгол Улсад айлчлахдаа 10 сая фунт стерлингийг Монгол Улсын боловсролын байгууллагын англи хэлний сургалтыг сайжруулахад зориулна гэсэн амлалт өгсөн. Засгийн газар нь солигдож, тухайн орон улс төрийн хувьд тогтворгүй байгаа ч Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон холбогдох хүмүүс хүчин чармайлт гаргаж, эхний ээлжид 500 мянган фунт стерлингийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Үүнийг алслагдсан аймгийн багш нарын англи хэлний чадавхыг сайжруулах, гадаадад богино, дунд хугацаанд сургах, англи хэлний суурь судалгаа хийхэд зарцуулна” гэв.
Ч.Туяа