2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хичээлийн жилээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж буй юм байна. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхныг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөснөө Боловсролын яамныхан мэдээлэв. Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг ч үе шаттайгаар хамруулах гэнэ. Үүний тулд англи хэлний багш нарыг нэмж бэлтгэх, төгсөгчдийг чадавхжуулах шаардлагатайг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь “IEDC-Pearson partner Mongolia” байгууллагын захирал М.Найдалмаа онцолжээ. Учир нь тус байгууллагын судалгаагаар англи хэлний багш нарын 70-аас дээш хувь нь дундаас доош түвшний мэдлэгтэйг тогтоосон гэнэ.
Тиймээс багш нарын мэдлэгийн түвшнийг сайжруулах арга хэмжээг Боловсролын яамныхан уг байгууллагынхантай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг “Pearson” хөтөлбөрт үндэслэн шинэчлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
М.Оч