Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлжээ. Энэ тухайд Боловсролын сайд П.Наранбаяр “Австрали улс өнгөрсөн арваннэгдүгээр сард цахим орчны зохицуулалттай холбоотой хууль баталсан нь дэлхий дахины анхаарлыг татаад байна. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк, тикток, снапчат, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд нэвтрэхийг хориглосон заалттай хууль баталсан. Бид энэ хуулийг судлах, үр нөлөөг нь нягталж, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийн цахим сүлжээн дэх оролцоог хязгаарлах талаар ажлын хэсэг байгуулан, судалгааны ажлыг эхлүүллээ. Эрх ашиг нь хөндөгдөж буй нийгмийн бүх бүлэгтэй ярилцаж, үр дүнд хүрэх ёстой. Манай улс цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын суурь судалгааг 2020 онд хийсэн. Үүнээс харахад эцэг, эхчүүдийн 90 орчим хувь нь хүүхэд нь халдлагад өртөж байгаагүй гэж хариулсан. Гэтэл цахим орчинд хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэгэн хэлбэрийн халдлагад өртсөн. Үүнээс 60 хувь нь эцэг, эхдээ хэлээгүй байна. Цахим сүлжээнд хүүхдийн насанд тохироогүй агуулгатай мэдээлэл түгээж, үе тэнгийн дээрэлхэлт үүсэж байна. Бид хүүхдээ хамгаалах ёстой. Тиймээс Австрали улсын туршлагаас судлах ёстой. Мөн Франц улсад 14 хүртэлх насны хүүхдүүд цахим орчинд эцэг, эхийн зөвшөөрлөөр нэвтэрдэг. Манай улс хүүхдийн цахим хэрэглээнд анхаарахгүй бол оройтохоор байна. Боловсрол, хичээлийн шинжтэй мэдээлэл авах бусад суваг нь нээлттэй байх юм” гэв.
Ажлын хэсгийн ахлагч, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга “Хүүхдийг дэлгэцээс яаж хол байлгах вэ гэдэг нь дэлхий нийтийн асуудал болсон. Архи, хар тамхи, мөрийтэй тоглоомын адил дэлгэцийн дон нь тархинд допамин хэмээх бодис ялгаруулж, аажмаар хамааралтай болгож байна. Үүнийг бид анзаарахгүй байгаа нь хор уршигтай. Дэлгэцийн хамааралтай болсноор сэтгэцийн өвчин үүсэх эрсдэлтэй. Хүүхдүүд дэлгэцэд цаг их зарцуулснаар хичээл болон бусад зүйлийг анхаарч сонирхохоо больдог байна. Үүгээр зогсохгүй хараа, сонсгол муудах, хөдөлгөөний дутагдалд орох зэргээр эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн юм.
Ч.Болор