Төв Азийн мэргэжлийн боксын аваргын бүсний төлөөх “Night of сhampions Ulaanbaatar-2025” тулаан “Аса арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Дээрх тэмцээнд оролцсон Монголын найман боксчноос Х.Энх-Амар Филиппиний тамирчин Майкл Эскобиаг ялж, тулааны салхийг хагалан үзэгчдийг огшоов. Түүний дараа Э.Баярсайхан Узбекистаны тамирчин Ибрахим Абдуллаевыг шүүгчдийн саналаар буулган авснаар гурав дахь тулааныг Х.Бекнур үргэлжлүүлж, мэргэжлийн боксын рингэд анх удаа тулалдахдаа Киргизийн сонирхогчдын боксын аварга Токтосун Уулу Бекболсуныг илүүрхсэн. Дөрөв дэх тулаанд О.Бямба-Эрдэнэ ОХУ-ын Руслан Кириченко, тав дахид Б.Мишээл Энэтхэгийн Сунил Кумар, зургаа дахид Б.Төгөлдөр Узбекистаны Рахматиллоён Шарифовыг яллаа. Долоо дахь тулааныг Гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт Филиппиний Марк Антонитой зургаан үе тулалдаж хожсон юм.
Тэмцээний сүүлийн тулаанд Гавьяат тамирчин, Азийн аварга, дэлхийн хүрэл медальт Э.Цэндбаатар Мексик улсын Педро Берналтай тулалдсан. Тулааны зургаа дахь үед Педро Берналын дасгалжуулагч цагаан алчуур шидсэнээр манай тамирчин өрсөлдөгчөө илт давуугаар буулгаж авч, Төв Азийн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгааллаа. Түүний тулааны бээлийг зарах дуудлага худалдаа зарлахад Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр худалдаж авав. Энэ нь мэргэжлийн боксын монгол тулаанчдын хувьд ялалтын бээлийгээ дуудлага худалдаагаар зарсан анхны тохиолдол юм.