“Бидний мэдэх брайл” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран зохион байгуулна. Уг уралдаанаар дамжуулан брайл бичгийн ач холбогдол, хэрэглээг олон нийтэд таниулах, тэгш хамруулан сургах боловсролын бодлого, үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьжээ. Эл уралдаанд оролцогчид сурагчид, оюутан залуус гэсэн үндсэн хоёр ангилалд өрсөлдөх юм. Бүтээлүүдийг ирэх сарын 7 хүртэл “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ-ын цахим хуудсаар хүлээж авах аж. Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид тухайн сэдвээрээ илтгэл танилцуулах нь. Ингээд ангилал бүрд шилдэг таван бүтээлийг шалгаруулж, ялагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна. Ташрамд дурдахад, боловсролын бүх түвшний байгууллагад нийт хөгжлийн бэрхшээлтэй 9970 хүүхэд, залуус суралцаж байгаа аж. Тэднээс 868 нь харааны бэрхшээлтэй гэнэ.
А.Үүл