Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдавтай ярилцлаа. Тэрбээр номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Үүний тулд олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай болохыг судалгааныхаа үр дүнгээр баталжээ.
-“Нийтийн номын сангийн хүртээмжид нөлөөлөх хүчин зүйл” сэдэвт судалгааны ажлаараа та докторын зэрэг хамгаалсан юм билээ. Орон нутгийн болон нийслэлийн номын сангуудыг судалгаандаа бүрэн хамруулж чадсан болов уу?
-“Нийтийн номын сангийн хүртээмж” сэдвээр 2015 онд өгүүлэл бичсэн юм. Ингэхдээ Монгол Улсын нийтийн номын сангийн тоог АНУ-ын Висконсин мужийнхтай харьцуулсан. Энэ мужид нэгж талбайд есөн номын сан ногдож байсан бол манай улсын хувьд ганц л байдаг. Тиймээс номын сангийн хүртээмжийн талаар илүү гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн. Судалгааны ажилдаа нийтийн номын сангийн хөгжил, өнөөгийн байдал зэргийг ч тусгав. Түүнчлэн хүртээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулахын тулд 21 аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагааг судалснаараа онцлогтой.
-Номын сангийн хүртээмж гэдэгт юуг хамруулах вэ?
-Хүртээмжийн талаарх олон янзын тодорхойлолт бий. Зарим нь хүртээмж гэдэг бол уншигчдын тав тухтай байдалд анхаарах буюу үйлчилгээ үзүүлэгчдийн бэлэн байдал хэмээн тодорхойлсон байна. Эдгээрийг харгалзан үзээд тухайн үйчилгээг хүртэх ёстой хүн амын хэдэн хувьд нь хүргэснээр хүртээмжийг тогтооно гэсэн дүгнэлтэд хүрлээ.
-Номын сангийн тухай хуульд нийгмийн бүх гишүүнд хүрч ажиллана гэж заасан шүү дээ. Манай улсын номын сангууд энэхүү үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа юу?
-Зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад нийтийн номын сан бүр нийгмийн бүх гишүүнд хүрч ажиллахыг зорьдог. Манай улсад нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хүн амын 8.9 хувийг эзэлдэг. Идэвхтэй уншигч, эсэхийг нь шалгавал дахиад өөр дүн гарах байх. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй гэсэн үг. Хүний хөгжлийн индекс болон нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хоорондоо хэр хамааралтай вэ гэдэгт анхаарлаа хандууллаа. Үүний дүнд хүний хөгжлийн индексээр дээгүүрт жагсдаг улсад нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо олон байгааг олж харсан. Жишээлбэл, Исланд улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг бөгөөд хүн амын 41 хувь нь нийтийн номын санд бүртгэлтэй байна. Харин доогуур байрт жагсаж буй улсад энэ нөхцөл байдал эсрэгээрээ.
-Өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд судалгаагаа хэрхэн явуулав?
-Нийтийн номын сангийн хүртээмжид нөлөөлөх 10 хүчин зүйлийг сонгосон. Орчны нөхцөл байдал буюу уншигчдын тав тухыг хангасан, эсэх, талбайн хүрэлцээ, сан хөмрөгийн тоо, хэмжээ зэргийг багтаасан. Мөн сан хөмрөгийн номын бүрдүүлэлт, ажиллах цаг, үйлчилгээ үзүүлэх цэгийн байршил зэргийг ч харгалзсан юм.
-Уншигчдын олонх нь хэдэн насныхан бол?
-Социологийн гурван төрлийн судалгаа хийсэн. Тухайлбал, номын санд бүртгэлтэй уншигчид, тухайн орон нутгийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаагүй бүртгэлгүй иргэд, мөн нийтийн номын санд ажиллаж байгаа номын санчдаас гээд гурван төрлийн судалгаа явуулсан юм. Уншигчдын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг. Энэ нь тэдэнд чөлөөт цаг их байдагтай холбоотой байж магадгүй. Өөрөөр хэлбэл, сурагчдын хичээлийн бус цаг, номын сангийн ажиллах хуваарь нийцтэй байна гэсэн үг. Мөн уншигчдын дийлэнх хэсгийг эзэлдэг судлаачид, төрийн албан хаагчдын тоо цөөрсөн нь номын сангийн ажиллах хуваарьтай холбоотой байж болзошгүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн чөлөөт цаг нь номын сангийн ажиллах хуваарьтай тохирдоггүй нь энэ судалгаагаар тодорхой харагдаж байна. Тиймээс цагийн хуваарийг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.
Номын санчдаас танай номын сангаар хэн үйлчлүүлж байна гэхэд “хүүхдүүд” гэж хариулдаг. Тиймээс хийж байгаа ажлын дийлэнх нь хүүхдүүд рүү чиглэдэг. Номын санчид “Манай ажлын цаг тохиромжтой” гэж хариулсан. Ажлынх нь цагаар байнгын уншигчидтай болохоор ингэж үзсэн байх. Гэтэл уншигчдын олонх нь хүүхэд байна шүү дээ.
-Манай улсад мэргэжлийн номын санч хэр олон байдаг вэ. Тэдний саналыг судалгаандаа тусгасан болов уу?
-21 аймгийн нийтийн номын сангийн ажилчдын тоо харилцан адилгүй бөгөөд дундаж нь 14. Орхон аймгийн нийтийн номын сан хамгийн олон буюу 22 номын санчтай бол Хэнтийд найм байна. Түүнээс гадна номын санчдын хэдэн хувь мэргэжлийнх вэ гэдгийг ч харгалзаж үзсэн. Нийтийн номын санд мэргэжлийн номын санчид дутагдалтай шүү дээ. Мөн номын санчид цахим уншлагын үйлчилгээ хүртээмжгүй байгааг хүлээн зөвшөөрсөн.
-Номоо бүрдүүлэхдээ уншигчдын эрэлт, хэрэгцээнд нийцүүлдэг үү?
-Бүрдүүлэлт нийтийн номын санд маш чухал. Гэтэл 21 аймгийн нийтийн номын сангуудын бүрдүүлсэн номын дийлэнх нь уран зохиолынх байна. Мэдээж уншигчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлээд уран зохиолын номоор баяжуулсан нь тодорхой. Гэвч зөвхөн уран зохиолын ном аваад байвал энэ чиглэлийг сонирхогчид л ирнэ шүү дээ. Байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, компьютертой холбоотой номын захиалга уншигчид яагаад өгөхгүй байна. Энэ нь эргээд номын сангийн бүрдүүлэлттэй холбогдож, уншигчдын бүтцийг тодорхойлоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүх гишүүнд хүрч ажиллана гэсэн зарчим нь номын бүрдүүлэлт хийхээс эхлээд алдагджээ. Энэ нь нийтийн номын сангийн бодлого сул байгааг харуулна.
-Хүүхдийн төв номын санд тасалгааныхаа температурыг тодорхой түвшинд хадгалахын тулд савтай ус байнга тавьдгийг харж байсан. Орон нутагт нөхцөл байдал ямар байна?
-Миний хувьд номын сангийн үйлчилгээг түлхүү судалсан учир сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг тэр бүр хөндөөгүй. Гэхдээ орон нутагт ч энэ байдал ялгаагүй. Нөхцөл байдал бүр ч дор жишээ бий. Жижиг зай талбайтай номын сангууд номоо хэт их шахаж байрлуулдаг. Зарим нь Хүүхдийн төв номын сан шиг Хөгжимт драмынхаа театртай зэрэгцэж байрладаг. Үүний улмаас үйлчлүүлэгчид анхаарлаа төвлөрүүлээд, тайван ном унших нөхцөл бүрддэггүй.
-Дүгнэлтдээ үндэслээд нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга боловсруулсан гэв үү?
-Нийтийн номын сан маш чухал байгууллага. Зарим улсад номын сангийн өгөөж гэсэн тооцоо гаргадаг юм байна. Олон улсын судалгаануудад дурдсанаар нийтийн номын санд нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд өгөөж нь дунджаар таван төгрөг болдгийг баталсан нь ч бий. Ийм чухал байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр доголдоод байна. Хоёрдугаарт, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд нийтийн номын сангийн тоог олшруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын нийтийн номын сан социализмын үед 20 гаруй салбар, уншлагын газартай байсан. Харин өнөөдөр дөрөв болжээ.
Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулаад удаагүй байна. Гэтэл шинээр бүртгүүлэгчдийн олонх нь ойролцоох их, дээд сургуулийн оюутнууд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугчид буюу ойр орчимд нь амьдардаг хүмүүс. Тухайн уншигчийн ажил, гэрт номын сан ойр байвал тэр хүн үйлчлүүлэх магадлал нь өснө гэсэн үг.
Судалгаанд оролцсон, номын сангаар үйлчлүүлдэггүй хүмүүсийн дийлэнх нь “Би завгүй учраас номын сангийн үйлчилгээг гэртээ авмаар байна” гэсэн санал илэрхийлсэн. Тиймээс номын сангийн үйлчилгээг гэрт нь хүргэх маш чухал. Номын санг уншигчдын гэрт хэрхэн хүргэхэд анхаарах хэрэгтэй болжээ. Үүний тулд цахим номын санг хөгжүүлэх шаардлагатай. Орон нутгийн нийтийн номын сан бүр хувьдаа автомашинтай ч зөөврийн номын сан ажиллуулахад өртөг өндөр. Иймд бага зардлаар уншигчдын гэрт номын сангийн үйлчилгээг хүргэх хэд хэдэн аргыг судалгаандаа онцоллоо. Дундговь аймгийн нийтийн номын сангийнхан дуудлагын дагуу цахилгаан дугуйгаар (мопед) ном хүргэж байх жишээтэй. Бусад улс оронд дроноор ном хүргэх үйлчилгээ нэлээд хөгжсөн. Энэ үйлчилгээг манай улсад нэвтрүүлэх боломж бий. Аймгийн төвүүдэд дрон нисгэхэд зөвшөөрөл шаардах нь харьцангуй бага болов уу. Үүнээс гадна өөртөө үйлчлэх автомат номын санг аймгийн төвүүд, алслагдсан суурин газруудад байршуулж болно.
-Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудтай үр дүнгээ харьцуулж үзсэн болов уу?
-Монгол Улсад номын санд мөрддөг 20-иод стандарт бий. Эдгээрээс үйлчилгээтэй шууд холбогдох нь Номын сангийн орчны стандарт, түүний хавсралтууд юм. Гэсэн ч хавсралтыг үндсэн стандарт гэж үзэхэд хэцүү. Ном бүрдүүлэхтэй холбоотой стандарт байдаггүй. Олон улсын удирдамжид зааснаар 20 000 хүн амд үйлчилгээ үзүүлж буй аймгийн номын сан жилд 5000 ба түүнээс олон ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгөө баяжуулах шаардлагатай гэж үздэг. Нөгөөтээгүүр, стандарт баримталж ажиллаж буй, эсэхэд хяналт тавих үнэлгээний систем хэрэгтэй. Үүнд үндэслээд алдаагаа засах ёстой. Зөвхөн номын санч бус, бодлогын түвшинд тогтолцоонд нь анхаарал хандуулах ёстой юм.
-Техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр хүмүүсийн амьдралын хэв маягт багагүй өөрчлөлт гарсан. Үүний нэг жишээ нь ном уншихын оронд подкаст сонсох, интернэтээс мэдээллээ хайх зэргийг түгээмэл ашиглаж байна. Тиймээс номын сангийн өнөөгийн үйл ажиллагааг ч эдгээртэй холбох шаардлагатай байх?
-Судалгаандаа нийтийн бүтээгдэхүүний онолыг ашигласан юм. Төрөөс үнэ төлбөргүйгээр хүргэж буй үйлчилгээ доголдох үед түүнийг орлох бүтээгдэхүүн гарч ирдэг гэж энэхүү онолд тусгасан байгаа. Таны дурдсан зүйлсийг хүмүүс ашиглаж байна гэдэг нь номын сангийн үйлчилгээ нэгэнт доголдож, түүнийг орлох бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрсэн гэсэн үг л дээ. Цахим уншлагын үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга бий. Жишээ нь, Үндэсний номын сангийн нэгдсэн цахим системийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Энэ ажил үр дүнд хүрвэл таны дурдсан дээрх үйлчилгээнүүдийг ч багтаах боломж бий.
-Үндэсний номын сангийн шинэ барилгад үйлчлүүлэгчдээ хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Төв болон салбар номын сангийн уншигчдын тоо тогтвортой байгаа юу?
-Төв байранд уншигчид тогтвортой ирж байгаа. Судлаачид голдуу үйлчлүүлдэг. Шинэ барилгатай болсноор уншигчдын тоо огцом нэмэгдсэн. Шинэ байранд голдуу залуучууд ирж үйлчлүүлж байна.
А.Тэмүүлэн