Боловсролын сайд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн удирдлага, багш нарыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр 2025-2027 онд хэрэгжүүлэх хэл шинжлэлийн сургалт, судалгааны “Монгол хэл шинжлэл” найман багц төсөлтэй танилцсан байна. Төслийн хүрээнд “МУИС-Толь бичиг” буюу их сургуулийн монгол хэлний тайлбар толь, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшин ангилсан, зохиолч Д.Нацагдоржийн зохиолын хэлний толь бичиг болон хайлтын системийг анх удаа бүтээхээр төлөвлөжээ. Мөн хэл шинжлэлийн судалгааны ололтод тулгуурласан монгол хэлний бүрэн хэл зүй, гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж, өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж бүрэн сурах бичгийг олон улсын стандарт, аргачлалын дагуу зохиох гэнэ.