ОХУ-ын Элчин сайдын яамныхан зөвлөлтийн нэрт эмч Павел Николаевич Шастины мэнндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т байрлах түүний дурсгалын хөшөөнд өчигдөр цэцэг өргөлөө. П.Н.Шастин одоогоос 100 жилийн өмнө Монголын анхны нийтийн эмнэлгийг байгуулж, орчин үеийн эрүүл мэндийн салбарын үндэс суурийг тавьжээ. Мөн тэрбээр Оросоос эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж, олон зуун монгол хүнийг эмчилсэн түүхтэй. Тэдний дотор их жанжин Д.Сүхбаатар ч байсан гэдэг. П.Н.Шастины үүсгэн байгуулсан эмнэлэг нь одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлэг юм. Харин УГТЭ-ийг 1961 онд түүний нэрэмжит болгон, Монголд ажилласан 14 жилийнх нь хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлсэн байна.
П.Н.Шастиныхан манай улсад дөрвөн үеэрээ ирж ажилласан, монголч эрдэмтэн, эмч нар байжээ. Тэрбээр Эрхүү мужийн Куйтун хэмээх газарт 1872 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн. Казанийн Анагаах ухааны болон Томскийн их сургуулийг төгсөж, мэс заслын их эмч болсон аж. П.Н.Шастин манайд дэгдсэн тарваган тахал, хижиг, цусан суулга зэрэг өвчинтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн мал эмнэлгийн анхны академийн шавыг тавьж, хүн, малын эмч нарын эвлэл байгуулсан гавьяатай. Ташрамд дурдахад, цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд А.Н.Евсиков оролцлоо.
О.Оргилох