Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэм (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судлаач, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт бэрхшээл говийн малчин өрхүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар судалж байгаагаа мэдээлэв. Тус байгууллагынхан эл төслийнхөө хүрээнд хоёр аймгийн 300 гаруй малчин өрхийн гишүүдтэй ярилцаж, мэдээлэл цуглуулаад буй аж.
Монгол оронд сүүлийн 4-5 жил дараалан хахир хатуу, мал, амьтны хорогдол ихтэй өвөл тохиосон нь малчдын амьдралын чанар, ахуй амьжиргаа, сэтгэл зүйд ихээхэн хор хохирол учруулсныг орон нутгийн иргэд энэ үеэр хэлсэн байна. Цаг агаараас шалтгаалсан аюул эрсдэл, ослоос гадна малчид болон зэрлэг амьтдын хоорондын зөрчил, тэмцэл сүүлийн жилүүдэд хурцадсаныг ч говийн иргэнд хөнджээ. Дорноговь аймагт 2024-2025 оны өвөл өмнөх жилүүдийнхээс харьцангуй дулаан, таатай цаг агаартай өвөл болж буй ч чоно малчдын хотонд халдах тохиолдол байнга гарч, нэг өрх 50 гаруй малаа боохойд бариулсан явдал бүртгэгдсэнийг судлаачид дурдав.
Баавгай, чоно зэрэг зэрлэг амьтад малчдын гэр, хот руу халдах, суурин газар, айлын ойролцоогоос үхсэн амьтдын сэг зэм олдох тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон нь өвөлжилт, цаг үеийн хүндрэлээс үүдэлтэйгээр бэлчээр, идэш тэжээлийн хангамж, хүрэлцээ муудсаны нотолгоо гэнэ. Дээрх байгууллагынхан хүн болон зэрлэг амьтдад ээлтэй, байгаль хамгаалал, бэлчээрийн мал аж ахуйн харилцан хамаарлыг зохистой түвшинд байлгахад чиглэсэн, уур амьсгалд дасан зохицох тогтвортой бодлогыг тодорхойлох зорилго тавьжээ.
Н.Мишээл