Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын захиргааныхан хамтран Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж байна. Энэхүү менежментийн төлөвлөгөөг “Дэ нэйче консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр хийсэн бөгөөд судалгаа, мониторингийн явцад ноцтой үр дүн, үзүүлэлт гарсныг мэргэжилтнүүд танилцуулав. Тухайлбал, өдгөө тус сав газрын нийт нутгийн 97.5 хувь нь үргэлжлэн тархсан цэвдэгтэй гэнэ. Тэгвэл энэ нь 2035 он гэхэд 35 хувь хүртлээ буурах, 2065 онд 45.9 хувь нь алдарч, үгүй болох, 2085 оны үед нийт нутгийн ердөө 3.5 хувьд нь тохиолдлын тархалттай, маш бага хэмжээний цэвдэг үлдэнэ гэж тооцжээ. Өдгөө нэг ойтой хүүхэд 80 нас хүрэхэд Дэлгэрмөрөн голын ай сав цэвдэггүй болж, экологийн сүйрэл, доройтол нүүрлэх эрсдэлтэйг анхааруулав. Иймд цэвдэг гэсэхээс сэргийлэх, хязгаарлах, усны нөөц, экосистемийг нь хамгаалах зохистой бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх нь чухал гэлээ.
Н.Мишээл