Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15, 16-нд “Скай резорт” цанын баазад болох “Улаанбаатар” өвлийн наадамд нийслэл, орон нутгаас 1000, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан, Уйгур болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува, Буриад Улсаас 100 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Наадмын үеэр мөсөн сур, мөсний шагай, снөүбоард, параглайдинг, уулын цана, мөсөнд авиралт, цасны регби, кёрлингийн улс, хотын аварга шалгаруулах тэмцээнийг мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын дунд явуулах аж. Мөн энэ өдрүүдэд өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулах юм байна. Наадмыг зорин ирсэн хүмүүст зориулж урлаг соёлын арга хэмжээ явуулж, шүхрийн, шувуулахуйн сонирхолтой үзүүлбэр толилуулан, цана, чарга, хоол ундны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Ж.Сувд