Архангай аймагт “Өгий нуур өвлийн наадам-2025” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-2-нд зохион байгуулна. Уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон үндэстний хувцсыг танин мэдүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэнэ. Наадмыг хоёрдугаар сарын 1-нд 10 морьтон Төрийн далбааг мандуулснаар нээх юм байна. Эхний өдөр болох олон үндэстний хувцасны өдөрлөгөөр хамгийн сайхан хувцастай хос, хүүхэд, ахмад настныг шалгаруулна. Мөн мөсөн шагай, сурын харваа, морин чарганы уралдаан, үзүүлбэр, “Өгий хоккей” аварга шалгаруулах, тэшүүрийн тэмцээн зэрэг сонирхолтой үйл ажиллагаа болох аж. Харин наадмын сүүлийн өдөр адуучин тэмцээн, сайхан морьтой эмэгтэй шалгаруулах гэнэ. “Адуучин” тэмцээнийг Архангай аймгийн адуучдын холбоо зохион байгуулах нь. Наадмын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 31-нд гадаад, дотоодын аялагч, жуулчдыг дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг “Өгий далай ресорт” жуулчны баазад хүлээн авна гэж тус аймгийнхан хэллээ.
А.Дөлгөөнзул