Баянзүрх дүүргийн нутагт өчигдөр “Приус-20” загварын автомашин шатжээ. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, “Цайз” захын ойролцоо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага, мэдээлэл өчигдөр 08.06 цагт онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагчид очиж, “Приус-20” загварын автомашин шатаж байсныг унтраасан байна. Иймд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг дээрх байгууллагынхан анхаарууллаа.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 15 аймгийн 30 сумд аюулт үзэгдэл, ослын 72 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, есөн иргэнийг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 61 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байсан гэнэ.
У.Сүрэн