Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу X-XII ангийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл цахимаар хичээллэсэн. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим хичээлийн үр дүн, давуу ба сул талын талаар сурагчдаас санал асуулга авсан байна. Судалгаагаар ахлах ангийн суралцагчдын бие даан суралцах чадварыг дэмжихэд цахим сургалт эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь “Бүрэн санал нийлж байна”, “Санал нийлж байна” гэсэн үнэлгээ өгсөн аж. Харин 35.1 хувь нь “Зарим тал дээр”, “Санал нийлэхгүй байна” гэжээ. Энэ нь цахим сургалтын долоо хоногт орсон хичээлүүд зарим тохиолдолд үр өгөөжтэй байсан ч бүх суралцагч бүрэн хамрагдаж чадаагүйг харуулж буй юм. Судалгаанд оролцсон багш нарын 63.8 хувь нь эерэг үнэлгээ өгсөн байна. Харин цахим хичээлд хамрагдсан сурагчдын хандлага, оролцоог дунд зэрэг гэж үнэлжээ. Мөн эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, дэмжлэг шаардлагатайг судалгааны дүн харуулжээ. Сурагчдын идэвх, оролцоо сул, багш нарын цахим ур чадвар дутмаг, эцэг, эхийн оролцоо, хяналт хангалтгүй зэрэг бэрхшээл гарсан байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ цахим хичээлд хамрагдах орчныг бүрдүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх талаар идэвхжүүлэх, орон нутагт интернэтийн хурдыг нэмэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахад анхаарах шаардлагатайг судалгаанд дурджээ.
Ч.Болор