Энэхүү ярилцлагын маань эзэн бол их сургуулиа төгсөөд л уугуул нутагтаа суурьшихаар ирсэн залуу байгаль хамгаалагч Б.Заяабаяр. Тэрбээр одоо Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд ажилладаг. Түүнтэй экологи, байгаль хамгааллын талаар ярилцлаа.
-ОХУ-д явж буй үед тань холбогдлоо. Ямар ажлаар хойд хөршид очоод байна вэ?
-“Тункинский” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалттай газарт ирээд байна. Энд бид тус газрын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Нарийвчилбал, зэрлэг ан амьтдын байршлыг тогтоох, тэр дундаа ирвэс судлах, уг газрын аялал жуулчлалын жишгийг өөрсдийн орон нутгийн нөөцөд тулгуурлан хөгжүүлэх боломжийг судалж байна.
-Монгол Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын захиргаа хэд орчим байдаг юм бол?
-Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын 34 захиргаа бий. Энэ нь дотроо дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн дурсгалт гэхчлэн өөр. Харин Хөвсгөл аймаг нийт дөрвөн тусгай хамгаалалттай газартай.
-Тэдний нэгт та хэр удаан хугацаанд ажиллаж байна вэ?
-Хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан бүс нутагтаа эргүүл, хамгааллаа тогтмол явуулдаг уу?
-Тийм. Байгаль хамгаалагчдад говийн, хангайн зэрэг бүс бүсээрээ тодорхой хэмжээний газар ногддог. Миний хувьд тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийг хариуцдаг.
-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард байгаль хамгаалагчдын II чуулган болсон. Чуулганы үеэр улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажилладаг гэж байсан. Та ХААИС-ийг байгаль ашиглалт, хяналт үнэлгээ гэх мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Гэхдээ энэ мэргэжлээр эмэгтэй хүн ажиллах нь тийм ч түгээмэл биш шүү дээ.
-Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрж, өссөн. Их сургуулиа төгсөх хүртлээ амралт бүрээрээ нутагтаа очиж мал маллаж, ой, хээрээр явдаг байлаа. Байгаль орчин бол миний амьдралын нэг хэсэг. Уг мэргэжлээр ихэвчлэн эрэгтэй хүн ажилладаг гэдэг нь үнэн. Хөдөө, хээрийн бүсэд явган, морьтой, мотоциклтой явах тохиолдол их гарна. Түүнээс шалтгаалан шантрах үе түгээмэл байдаг болов уу. Хэрэв энэ мэргэжлээр ажиллая гэвэл ХААИС-д экологи, байгаль хамгааллын анги бий. Саяхныг хүртэл зөвхөн төрийн албаны ерөнхий шалгалт өгчих юм бол байгаль хамгаалагч боллоо гээд жинхэлдэг байлаа. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн уг мэргэжлээр төгссөн хүмүүс л байгаль хамгаалагчаар ажиллах эрхтэй болсон.
-Өөр ажил хийе гэж бодож байв уу?
-Огт тэгж бодож байгаагүй. Харин зөрчил илрүүлээд явж байхад хүмүүсийн янз бүрийн харилцаа, хандлагатай нүүр тулдаг. Эмэгтэй хүн учраас дээрэлхэх өнгө аястай харилцах нь олон. Гэхдээ байгаль хамгааллын ажлыг эрэгтэй, эмэгтэй хүн хийнэ гэж ялгах хэрэггүй санагддаг. Мөн тийм ч хүнд ажил биш шүү дээ. Бусад мэргэжилд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их байдаг. Харин бидний хувьд байгалийн сайхныг мэдрээд, чимээ аниргүй орчинд ажилладаг болохоор хэцүү санагдах зүйл огтхон ч байхгүй.
-Байгальд хайртай хүмүүст их тохиромжтой байх нь ээ?
-Байгаль хамгаалах ажлыг дипломтой нь биш, зүрх сэтгэлтэй нь хийдэг. Энэ ажлын хамгийн чухал нь ирээдүйд амьдрах миний болон таны хүүхдэд үлдэж байгаа ногоон өвийг хамгаалах юм шүү дээ.
-2019 оноос эхлэн байгаль хамгаалагч нарт улсын байцаагчийн эрх олгодог болсон. Ингэснээр ямар давуу талтай юм бол?
-Би улсын байцаагчаар давхар ажилладаг. Энэ нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг таслан зогсоох бүрэн эрхтэй гэсэн үг. Харин энгийн байгаль хамгаалагч бол зөрчил илэрсэн тохиолдолд тэмдэглэлээ хөтлөөд байцаагчдаа өгнө. Байцаагч тухайн хэргийг бүртгэлжүүлэхээс эхлээд хянан шийдвэрлэх шатны бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Ер нь бол яг л цагдаа шиг. Байгаль хамгаалагч бүр улсын байцаагчийн эрхтэй болбол хэрэг, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломжтой. Тусгай хамгаалалттай газрын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч байдгаас 200 илүү нь улсын байцаагчийн эрхтэй.
-Таны ажиллаж буй Хатгалын бүс нутагт байгаль орчны ямар зөрчлүүд түгээмэл гардаг вэ?
-Хөвсгөл нууртай холбоотойгоор загас агнуурын зөрчил их бий. Түүнчлэн зэрлэг ан амьтан агнах, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэх мэт.
-Үндсэн чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, бие хамгаалах хэрэгсэл хүртээмжтэй юү?
-2022 онд ажилд орох үед цалин 450 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин одоо цалин нэмэгдсэнээс гадна биднийг дөрвөн ээлжийн хувцсаар хангаж байна. Бие хамгаалах хэрэгслээс бидэнд зөвхөн энгэрийн камер л бий. Саяхнаас манай байгууллагынхан сургалтад хамрагдаад галт зэвсэг эзэмших эрхтэй болж байгаа.
-Ажилласан хугацаандаа олж мэдсэн байгаль хамгааллын тэргүүн туршлага танд байна уу?
-Бид нутгийн иргэдтэйгээ хамтарч ажиллахыг эрхэмлэдэг л дээ. Тэдэнд хууль сурталчлан таниулах, эрсдэлд орохоос нь урьдчилан сэргийлэхэд анхаарах нь өөрсдийг нь болон байгалиа хамгаалж буй явдал. Мод хөрсөө бэхжүүлдэг, усыг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг учраас тайрч, гэмтээж болохгүй шүү гэх мэт зөөлөн аргаар таниулахыг хичээдэг юм.
Миний хариуцсан бүс нутагт аялал жуулчлал хөгжөөгүй. Зөвхөн ой, ойн дагалт баялаг, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр ажилладаг. Онцгой бүс, аялал жуулчлал хөгжсөн газруудад уг ажил нэмэгддэг гэсэн үг. Миний хариуцсан бүс нутагт тогтмол суурьшилтай 10 өрх бий. Үүнээс гадна отроор ирэх айлууд байгаа. Бид өдөр бүр хариуцсан талбайдаа байх боломжгүй учраас энэ зуур нутгийн иргэд байгаль хамгааллын хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөх тохиолдол цөөнгүй. Тэр дундаасаа идэвхтэн байгаль хамгаалагчаа томилоод тодорхой хэмжээгээр цалинжуулдаг.
-Улсын хэмжээнд байгаль хамгаалагчдын тоо хангалттай байдаг уу?
-Цөөхөн шүү дээ.
-Шалтгаан нь юу юм бол?
-Дөнгөж их сургуулиа төгссөн хүмүүс хөдөө орон нутгийн алслагдмал бүсэд ирээд ажиллах боломж бага. Тийм учраас тухайн нутагт нь амьдардаг иргэдээс байгаль хамгаалагчаар ажиллуулбал илүү тохиромжтой гэж боддог.
-Та тэр чуулганы үеэр байгаль хамгаалагчийн тэтгэврийн насыг эрэгтэйчүүд 55, эмэгтэйчүүд 50 насаар тогтоох талаар ярьсан. Гэтэл сүүлийн үед тэтгэврийн насыг харин ч уртасгах нь зүйтэй гэж олон улсад үзэх болсон шүү дээ.
-Ажлын бүтээмжээ бодсон ч 55 хүрсэн эмэгтэй хүн мотоцикл унаад, 60 настай эрэгтэй хүн морь унаад хээр явах нь хүндрэлтэй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийн 23 сумд ирсэн. Ойн нөхцөлд их зөрчил гардаг гэж хэлсэн дээ. Жишээ нь, шатчихсан ой босоо мододтой ч нөхөн сэргээгдэх ямар ч боломжгүй. Гэтэл тэр моддыг тайрах нь байгальд хор хөнөөлгүй юм чинь гэж бодоод авч байгаа нь буруу. Харин Ойн тухай, Усны тухай, Амьтны тухай хууль зэрэгт санал авч, шинэчлэн найруулахаар ажилласан. Үүнд манай хамгаалалтын захиргааныхан ч саналаа хүргүүлсэн.
-Зарим иргэн байгалийг унаган төрхөөр нь хадгалах ёстой гэх бол нөгөө хэсэг нь байгалийн нөөц, баялагт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, олсон орлогоос орон нутагтаа хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд байгалийн давагдашгүй хүчин зүйл их тохиолдох боллоо. Учир нь байгалийн даац хэтэрч буй учраас цэвэрлэх ажиллагаа болж байна гэж хувьдаа боддог. Хэрвээ иргэд, малчдын амьжиргааны түвшин дээгүүр, орлоготой байвал заавал байгалийг “хөнөөж”, сөнөөх шаардлага байхгүй юм. Малчин хүн цөөхөн, чанартай мал маллаад түүнээсээ ашгаа олоод байвал заавал ойн мод тайрч, амьтдыг нь агнах гээд явахгүй гэж боддог. Тиймээс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжинэ. Шуналын сэдлээр байгаль орчныг сүйтгэдэг хүмүүс байдаг л байх. Гэхдээ монголчууд үр хойчдоо үлдээх сэтгэлтэй, байгаль дэлхийдээ ээлтэй хүмүүс шүү дээ.
Д.Хүслэн