Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд Япон Улсын “Өвсний үндэс” төслийн хүрээнд цахилгаан шат суурилуулахаар болжээ. Ингэснээр тус сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд давхар хооронд зорчиход саадгүй, бие даан явах боломж бүрдэнэ. Цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурав. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай зургаан сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Үүний нэг болох 55 дугаар сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүд голчлон суралцдаг аж. Бусад сургууль есөн жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой гэдгээрээ онцлог. Тус сургууль ерөнхий боловсролын зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулдаг юм. Боловсролын багц хуулийн шинэчлэлээр сурагч бүрд 12 жилийн боловсрол заавал эзэмшүүлэхээр хуульчилсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож буй сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ахлах ангийн гурван жилд нь мэргэжлийн чиг баримжаа олгоход анхаарах болжээ.
Ташрамд дуулгахад, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос одоог хүртэл “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийнх нь манай улсад хэрэгжүүлсэн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 609, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй 24 дэх төсөл болжээ.
Ч.Туяа