Хүүхдийн хавдрын олон улсын нийгэмлэг (SIOP)-ийн Ази дахь хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Уг хурлыг жил бүр дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Хурал зохион байгуулах улсыг сонгохдоо хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Тухайлбал, хуралд оролцогчдыг хүлээн авах чадавхтай эмнэлэг, сургалтын байгууллага, судалгааны төвүүд бий, эсэх, орон нутгийн эмнэлгүүдийн хүүхдийн хавдрын эмчилгээний туршлага, зохион байгуулагч орны дэмжлэг, санхүүжилтийн боломж, геополитик ба аюулгүй байдал, хавдрын судалгаа, эмчилгээний ахиц зэргийг харгалздаг байна. Мөн тухайн орон хүүхдийн хавдрын судалгаа, эмчилгээний салбарт ямар хувь нэмэр оруулсныг тодруулан SIOP-ийн гишүүдийн санал хураалтаар нэр дэвшүүлсэн улсыг баталдаг гэнэ.
Манай орны тухайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хавдраар өвдсөн хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж буй юм. Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд хавдрын 33 865 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 7360 нь хорт хавдар аж. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 352 нь 0-19 насныхан байна. Тэдний 17 нь нэг хүртэлх, 64 нь 1-4, 76 нь 5-9, 84 нь 10-14, 111 нь 15-19 насны хүүхэд аж. Азийн бүсийн хурал өмнө нь 2018 онд Сингапур, 2019 онд Энэтхэг, 2020 онд Тайландад болж байжээ. Монголд эл хурлыг зохион байгуулснаар хүүхдийн хавдрын эмчилгээ, судалгааны ололт амжилтыг олон улсад харуулах томоохон боломж гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй юм.
Ч.Болор