Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймгийн 28 сумд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, Өмнөговь аймагт энэ сарын 9-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амийг аварсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, таван иргэн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 72 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсныг дээрх байгууллагаас мэдээлсэн юм.
Бэлтгэсэн У.Сүрэн