Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оны эхний долоон сарын байдлаарх зам, тээврийн салбарын статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд нийт 74.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувиар өссөн дүн аж. Авто болон агаарын тээвэр, төмөр зам гээд бүх төрлийн хэрэгслээр тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 13.3-37.6 хувийн өсөлттэй гарсан байна.
Долоон сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 85.1 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.3 хувиар өссөн дүн юм. Зорчигчдын 97.2 хувь нь авто, үлдсэн нь агаарын тээвэр болон төмөр замаар зорчжээ. Авто тээврээр зорчигчдын тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 3.2, агаарын тээврээр үйлчлүүлэгчдийнх 30 орчим хувиар өссөн бол төмөр замаар зорчсон иргэд 10.1 хувиар буурсан байна. Экспортын ачаа энэ хугацаанд 47.8 сая тонн болж өнгөрсөн оны үзүүлэлтээс 37.9 хувиар өсөж, импортынх 29.5 хувиар нэмэгдэн 1.4 сая тонн болжээ.