Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевийг НҮБ-ийн индэр дээрээс үг хэлж байх үед түүний охин 33 настай Лейла Алиева сэлфи хийж байгаа дүр зураг шүүмжлэл дагуулжээ. Ноён ерөнхийлөгчийг 1992 онд Нагорно-Карабахын дэгдээсэн цуст дайны талаар үг хэлж байх үеэр охин ийн зүггүйтсэн байна.
Ерөнхийлөгчийн охин эцгийнхээ албан ёсны арга хэмжээнд анх удаа дагалдаж яваад ийм асуудалд орсон аж. Түүнийг өөрөг зураг аваад сууж байгааг орон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд эхэндээ шууд бичлэг хийж байна гэж бодож байв. Гэвч удалгүй Лэйла өөрийнхөө зургийг авч эхэлсэн юм.
Энэ үеэр эцэг нь хөрш улс Арменийн харгис, хэрцгий байсан талаар ярьж, үүнээс улбаатайгаар нэг сая гаруй азербайжанчууд улс, орноо орхиж, дүрвэн гарсан талаар ярьж байлаа. Тэрбээр "Армени улс дайны гэмт хэрэг үйлдсэн. Энэ дайнаар энгийн 613 иргэн нас барж, үүнээс 106 нь эмэгтэйчүүд, 63 нь хүүхдүүд байлаа" гэж ярьжээ.