Орхон аймгийн БОАЖГ болон МХГ-ынхан хоёр жил тутамд хөрсөө шинжилж, бохирдлын зэргийг нь тогтоодог аж. Энэ уламжлалаар мэргэжилтнүүд суурьшлын 20 бүсээс дээж авч, шинжлэхэд төвлөрөл ихтэй хэд хэдэн газарт хар тугалга, стронци (газрын шүлтэт металл) хүлцэх хэмжээнээс 1.5-1.8 дахин их байгаа нь илэрчээ.
Тодруулбал, тус аймгийн Цагаанчулуут, Дэнж багийн нутаг, “Солонго” зах, III сургууль, МХГ-ын өмнөх хэсэг буюу Трактортой хөшөө орчмын хөрс хамгийн их бохирдсон байж. Хүнд металл хөрсөнд ийм хэмжээгээр агуулагдах нь гүний усанд нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. Ийм төрлийн бодист хордсон усаар иргэд ундаалбал хорт хавдартай болох магадлал өндөр аж. Үүнээс өмнөх судалгаагаар Орхон аймгийн хөрсний орчин саармаг буюу хэвийн гэсэн дүн гарчээ.
Богино хугацаанд хөрс ингэтлээ бохирдсон шалтгааныг мэргэжилтнүүд эцэслэн тогтоогоогүй ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйн нөлөө байна гэж үзэж буй гэнэ. Хаягдлын аж ахуйн цагаан тоос салхиар тархаж, түүнд агуулагдсан хүнд металл хөрсөнд шингэдэг нь өмнөх шалгалтуудаар илэрсэн учир ийн “сэжиглэхэд” хүргэжээ. Түүнчлэн хөрсний ялзмагийн агууламж эрс багассан гэсэн дүн гарав. Энэ нь ургамал ургах нөхцөл багасаж, шим тэжээлийн дутагдалд орсны тэмдэг юм байна.