Газрын судас гэгддэг эмийн ургамал дэрвэгэр жиргэрүүг тонн тонноор нь түүж байна. Уг нь БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг үүнийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон. Уг ургамлын үндсийг их хэмжээгээр түүснээс тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, нөөц багасан, устах аюулд өртсөн тул эрдэмтэн судлаачдын саналын дагуу ийм шийдвэр гаргасан билээ. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн арваннэгдүгээр сард уг тушаалыг хүчингүй болгосон юм. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг батлахдаа дэрвэгэр жиргэрүүг “хавчуулсан” байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 14-нд А/169 дүгээр тушаал гаргаж, Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий аймгаас түүх зөвшөөрөл олгожээ.
Экосистемд чухал үүрэгтэй, газрын чийгийг барьдаг ач холбогдолтой эл ургамлын үндсийг түүвэл дахин төлждөггүй, хөрс сийрэгжин доройтож, цөлждөг гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл сайдын тушаалын хавсралтад уг ургамлын үндсийг түүнэ гэж тусгайлан заажээ. Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа, түүж, эхэлсэн, эсэхийг нэр дурдагдсан дөрвөн аймгийн холбогдох газрынхнаас тодрууллаа. Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс 60 тонн үндэс түүх зөвшөөрөл олгосон нь хамгийн өндөр дүн байв. Одоогоор аймгийн ЗДТГ-т дөрвөн компани уг ургамлыг түүж бэлтгэх хүсэлт ирүүлжээ. Тухайн ургамлын үндсийг ухаж авдаг учраас компаниуд сэндийчсэн газраа нөхөн сэргээж, хүлээлгэн өгөх гэрээг сумын Засаг даргатай байгуулах ёстой юм байна. Гэрээ байгуулсан нэг компани бий ч одоогоор ажлаа эхлээгүй гэж аймгийн БОАЖГ-ынхан хэллээ. Гэхдээ компаниудад хугацаа бий, цас орж, газар хөлдөх хүртэл дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэх боломжтой гэнэ.
Сэлэнгэ аймгийн нутгаас 50 тонн үндэс түүх зөвшөөрөл олгожээ. Мөн уг ургамлыг тарималжуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд 50 кг үр түүх зөвшөөрөл олгосон гэж аймгийн БОАЖГ-ын дарга Ц.Түвшинтөгс мэдээлэв. Тэрбээр “Хоёр долоо хоногийн өмнө сайдын тушаал ирлээ. Түүнээс өмнө зөвшөөрөлгүй түүсэн тохиолдол нэг бус удаа гарсан” гэв. Тус аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Сант, Сайхан, Орхонтуул, Жавхлант, Ерөө, Хушаат, Цагааннуур, Мандал суманд нэлээд нөөц бий аж. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр нөөц тогтоолгоход тус аймагт 100 тонн бий гэсэн дүгнэлт гарчээ. Энэ жил тал хувийг нь түүх зөвшөөрөл өгсөн гэсэн үг. “Эмийн үйлдвэр”, “Алтайн ойл”, “Арвижих бизнес” тэргүүтэй долоон аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан бөгөөд нэгээс бусад нь ажлаа эхлээд буй юм. Тэд түүсэн ургамлынхаа кг тутмаас нь 10000 төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэх гэрээтэй аж. Аймгийн ИТХ-ын 2015 оны 13 тоот тогтоолоор дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээний 20 хувь буюу нэг кг тутамд 10.000 төгрөг төлсний үндсэн дээр түүж бэлтгэх талаар тусгажээ.
Дорнод аймгийн Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Цагаан-Овоо сумаас энэ жил 35 тонн дэрвэгэр жиргэрүү түүх зөвшөөрөл олгосон байна. “Тусгай зөвшөөрөлтэй, газраа нөхөн сэргээдэг, мэргэжлийн 10 орчим аж ахуйн нэгжид дээрх зөвшөөрлийг олгосон. Үүний зэрэгцээ иргэд зөвшөөрөлгүй түүх тохиолдол гардаг. Орлогогүй, ажилгүй иргэд мөнгө олох гэж л ийм үйлдэл хийдэг. Хянаж, шалгаад, түүсэн түүхий эдийг нь хурааж, торгууль ч тавьж буй ч дийлдэггүй. Худалдаж авах зах зээл бий учраас зогсохгүй л дээ. Бид аймгийн хэмжээнд томоохон ажлын хэсэг гарган, байнга шалгаж байгаа. Сүүлд гэхэд 2-3 тонныг хураасан. Мөн бага хэмжээгээр буюу 200, 100 граммаар нь авч явах хүн ч бий. Цөлжилт, ургамал, бэлчээрийн хомсдол үүсэх аюулаас сэргийлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас ирэх жил уг өвсийг түүлгэхгүй байх бодлого барьж, яам руу нөөц байхгүй гэдэг санал өгнө. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын түвшинд энэ чиглэлээр ярилцаж шийдэлд хүрсэн. Нэгэнт хорьчихвол ямар ч хүн түүх боломжгүй. Энэ маягаар 3-4 жил өнжчихвөл байгалийн жамаараа нөхөн сэргэж, нөөц нь нэмэгдэнэ. Байгалийн баялгийг зохистой хэмжээнд ашиглах нь зөв. Ард иргэдийн амьжиргаанд ч хэрэгтэй. Гол нь улайран дайрах бус, зохистой ашиглах хэрэгтэй” гэж дээрх аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга ярьсан юм.
Төв аймгийн тухайд дээрх газруудтай харьцуулахад арай бага буюу энэ жил таван тонн дэрвэгэр жиргэрүү түүх зөвшөөрөл олгожээ. БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил “4- 5-хан хоногийн өмнө л сайдын тушаал албан ёсоор ирж, манай аймгийн нутаг дэвсгэрээс ийм хэмжээний дэрвэгэр жиргэрүү түүж болно гэж зөвшөөрсөн ч бид одоогоор нэг ч аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоогүй. Хүсэлт тавьсан компани ч алга. Жаргалант, Борнуур, Баянцогт, Баянчандмань зэрэг газар тариалангийн бүсийн атаршсан талбайд голдуу ургадаг. Хэрэв хүсэлт гаргавал бид сайдын тушаалд заасан хэмжээнд багтаан, түүх зөвшөөрөл олгоно. Хууль бусаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирээгүй” гэсэн юм.
Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор дэрвэгэр жиргэрүүг ховор ургамлын жагсаалтад оруулсан. Экологи, эдийн засгийн үнэлгээ нь кг тутамд 50000 төгрөг. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр уг ургамлын нөөцийг ойрын хэдэн жил тогтоогоогүй юм байна. Цаашид тархац, нөөцийг нь нэн даруй тогтоож, тарималжуулах, тохиромжтой газарт нутагшуулах, удмын санг хадгалах зайлшгүй шаардлагатай болоод буй.