Манай улсын бахархалт шувуу гэгддэг идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаанд хориглосон тогтоол Засгийн газар 2013 онд баталсан. Энэ төрлийн шувууг хамгаалах зорилготой тус тогтоолыг одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Гэвч идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрөх болжээ.
1998-2005 онд хийсэн судалгаагаар манай улсад 6000-18.000 идлэг шонхор байгаа нь тогтоогдсон гэдгийг мэргэжилтнүүд өнгөрсөн жил энэ асуудлаар Төрийн ордонд чуулахдаа онцолж байв. Тэгвэл үүнээс хойших судалгаагаар Монголд ийм жигүүртэн 4000-14.000 бий гэсэн дүн гарчээ. Ийн хорогдсоны гол шалтгаан нь шувууд өндөр хүчдэлд цохиулах явдал.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Кыргыз улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын үеэр мэргэжилтнүүд “Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол гэнэ.
Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар тогтов.