ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн судлаач эрдэмтэд Монгол орны унаган ургамлын тархалтын атлас гаргажээ. Зөвхөн Монголд ургадаг, өөр аль ч улсад илрээгүй ургамлыг унаган гэж нэрлэдэг бөгөөд нарийвчлан судлах, хамгаалах шаардлага тулгараад буй юм байна. Тус лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамалтай ярилцлаа.
-Монголд унаган ургамал хэд бүртгэгдсэн бэ. Атластаа бүгдийг оруулсан уу?
-Судалгааны үр дүнд манайд 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл унаган ургамал ургаж буйг тогтоож, “Монгол орны унаган ургамлын тархацын атлас” бүтээлийг монгол, англи хэлээр гаргалаа. Зөвхөн Монголд ургадаг учраас хамгаалахгүй бол тухайн төрөл зүйл манай орноос төдийгүй дэлхийгээс устаж алга болно. Урлаг соёлоор бол ЮНЕСКО-гийн нэг өв устаж буйтай адилтгах хэрэг юм. Гэтэл манай унаган ургамлын судалгааны мэдээлэл нэлээд дутмаг, энэ талаар хөндөгдсөн бие даасан бүтээл ч байгаагүй. Бидний бүтээл анхных нь.
Өмнө нь 140-150 орчим зүйл бий гэсэн тоо яригддаг байснаас биш, бие даасан нэрийн жагсаалт, зурагтай бүтээл гараагүй юм. Атластай болсноор өдгөө 120 зүйл ургамал бий гэсэн жагсаалт гаргаж байна. Дараагийн ээлжинд тэдгээр ургамлыг нарийвчлан судлах, хамгаалах, иргэдэд таниулах ёстой.
-120 зүйл нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хэр олон юм бол?
-Бага тоо биш. Манай оронд 3127 зүйл ургамал ургаж буйн 120 нь унаган. Нийт ургамлын 3.83 хувийг эзэлж буй нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Манай орон ургамал газар зүйн олон бүс нутгийн уулзварт оршдог учраас унаган ургамлын тоо харьцангуй олон юм.
Завсрын унаган ургамал гэж бас бий. Тархалтын дийлэнх хувь нь Монгол орны газар нутагт, мөн хөрш зэргэлдээ бүс нутгуудад л тохиолддог бол ийн нэрлэнэ. Нийт 495 зүйлийн завсрын унаган ургамал манайд бий.
-Унаган ургамлууд хаагуур их тархсан бэ?
Ихэнх нь говьд байна. Хөвсгөлийн уулын тайга, Хангайн уулын ойт хээр, Хянганы хаяа уулсын нугат хээр зэрэг ургамал газар зүйн 16 тойрог байдаг юм. Тэдгээрээс хамгийн олон унаган ургамалтай нь Монгол Алтайн уулын хээрийн тойрог. Нийт 50 зүйл бүртгэгдсэн. Нийт унаган ургамлын бараг тал хувийг эзэлж буй юм. Монгол орны унаган, гоц ашигтай, нэлээд судлагдсан ургамлууд голдуу Монгол Алтайн уулын хээр, Хангайн уулын ойт хээр, Говь-Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрогт ургаж буй. Голдуу тухайн бүс нутгаар нь буюу Хангайн хумилж, Хэнтийн гичгэнэ, Хөвсгөлийн гичгэнэ, Сайханы банздоо, Байтагийн сарнай зэргээр нэрлэсэн байдаг. Түүнчлэн олж нээсэн судлаачдынх нь нэрийг өгөх нь ч бий. Банзрагчийн хунчир, Өлзийхутагийн ортууз гэх мэт.
-Нэн ховор, ховор ангилалд багтсан унаган ургамал олон бий юү?
-120 зүйлээс 35 нь хамгааллын статустай буюу Монгол Улсын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд бүртгэгдсэн. Жишээ нь, найм нь нэн ховор, 27 зүйл ховор гэсэн ангилалд багтсан. Мөн үлдвэр буюу нэлээд эртнээс өдий хүртэл амьдарч буй ургамал гурван зүйл бий. “Улаан данс”-ны зэрэглэлээр найман ургамал үнэлэгдсэн байна. Тодруулбал, устаж буй болон устаж болзошгүй ангилалд тус бүр нэг, эмзэг дөрөв, мэдээлэл дутмаг хоёр зүйл байх жишээтэй. Устаж буй нь Монголчуудын тост, устаж болзошгүй нь Монгол алтанхундага. “Улаан ном”-нд орсон нэн ховор найман ургамал гэвэл Монгол алтанхундага, Ганболдын удвал, Монголчуудын тост, говийн харгана, хэврэгнавчит ортууз, цагаанцэцэгт хорс, Банзрагчийн зүлэглиг, Сайханы бамбай юм.
-Үлдсэн 90 орчим зүйл нь хамгаалагдаагүй гэсэн үг үү?
-Нарийн судлаагүй, цаашид судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай юм. Манай орны нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг 1995 онд Засгийн газраас баталсан. Уг жагсаалтыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. БОАЖЯ-ныхан ажлын хэсэг гаргаж, энэ чиглэлээр ажиллаж эхэлж буй. Манай унаган ургамлуудаас өдгөө нэн ховор ангилалд наймаар тогтохгүй, олон зүйл нэмэгдэж орохоор байна. Цаашид Монгол орны ургамлын аймаг, төрөл зүйлийг олон улсын “Улаан данс”-ны зэрэглэлээр үнэлэх чухал. “Улаан ном”-нд нэн ховор, ховор, элбэг гэсэн гурван ангилал л байдаг бол “Улаан данс”-ных илүү нарийвчлалтай юм.
-Уг ургамлуудыг судлах болон хамгаалах чиглэлээр олон улсын байгууллага, судлаачидтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Монгол орны ургамлын аймгийг гадаад, дотоодын эрдэмтэд хамтран судалдаг. Гэхдээ тэд бас өөрийн эрх ашигтай. Эмийн ургамал гэдэг ч юм уу, өөрт хэрэгтэй сэдэв, чиглэлийнхээ дагуу л судалгаа хийнэ. Зөвхөн танайд ургадаг ургамлыг нарийн судалъя гэдэг байгууллага ч алга. Хамгаалах санал бол бүр ч үгүй. Уг нь бид цөөнгүй санал санаачилга гаргадаг ч төдийлөн дэмжлэг авдаггүй. Хөдөө гарангуут шууд л унаган ургамал олоод харчихгүй, амар зүйл биш. Их зардал гаргаж хол явна, олж авчирна. Цэцэглэх, үрлэх үеийг нь гээд багагүй хугацаанд ажиглаж, мэдээлэл цуглуулах шаардлагатай.
Унаган ургамлын нэр хаяг, тархалтын атласыг монгол, англи хэлээр гаргасан нь учиртай. Дэлхийн ургамал хамгааллын, биологийн төрөл зүйлийн мэдээллийн санд манай мэдээллүүд ч орж, бүртгэгдэх ёстой гэсэн үүднээс ийм шийдэл гаргасан. Дэлхий дахины мэдээллийн санд манай Монгол орны мэдээлэл харьцангуй бага байдаг юм. Англи хэлээр гаргаснаар бидний судалгааны дүн, ургамал хамгаалах асуудал ч олон улсын түвшинд яригдана гэсэн үг.
-Дотоодын эрдэмтэд унаган ургамлуудыг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай байгууллагынхан Ботаникийн цэцэрлэгтээ унаган ургамлуудаас 5-6 зүйл тарьж ургуулж буй. Гэсэн ч далайцтай томоохон үйл ажиллагаа дутмаг байгаа юм.
-Монгол орны унаган ургамлуудаас хамгийн ашигтай бөгөөд нэн даруй хамгаалах шаардлагатай нь аль вэ?
-Нийт 120 зүйл унаган ургамлаас 10-20 нь л олонд танигдсан. Тэр дундаа иргэд сайн мэддэг нь ердөө 2-3 зүйл. Эмийн ач холбогдол нь өндөр гэдгээр нь олон нийт сайн мэдэх Монгол алтанхундага нь манай унаган ургамлын томоохон төлөөлөгч. Хангай, Хэнтий, Хөвсгөлийн тойрогт л ургадаг. Энэ ургамлыг 1968 онд Монголын нутгаас Оросын эрдэмтэд анх олж илрүүлсэн. Ойролцоо зүйлийнх нь эмийн ач холбогдол Европт гайхагддаг. Тэгвэл Монгол алтанхундага түүнээс илүү ач холбогдолтой нь судалгаагаар тогтоогдсон. Энэ мэтээр хүмүүс мэддэг, түүж хэрэглэдэг зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах шаардлагатай. Нэгэнт Монголоос өөр газар ургадаггүй, түгээмэл тархацгүй, нөгөө талаас хүний үйл ажиллагааны нөлөөнд автаж буй эмзэг ургамал. Сүүлийн үед хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байсан газраасаа алга болчихдог боллоо. Жишээ нь, Налайх, Горхи Тэрэлж, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв орчим ургадаг байсан бол өдгөө газар нутгийг нь хөндсөн, суурьшил үүссэнээс болоод тухайн газрууд дахь популяц алга болчихсон. Хамгаалъя, зөвхөн Монголд ургадаг ашигтай ургамал гэхээр мэргэжлийн бус хүмүүс сайн ойлгодоггүй. Би Монгол орны үндэсний бахархалт ургамалд нэр дэвшүүлж, Засгийн газраар тогтоол гаргуулах гэж үзсэн. Устаж байгаа, зөвхөн манайд ургадаг, ач холбогдол өндөртэй гээд олон үндэслэл гаргаж, үндэсний бахархалт ургамал болгох гэсэн юм. Гэтэл нөгөө талаас тухай үед ССАЖЯ-ныхан бэр цэцгийг үндэсний бахархалт болгоно гээд гаргаад ирсэн. Бэр цэцэг үнэндээ унаган ч биш, гоц ашиггүй, шалгараад байх ч зүйлгүй, зүгээр л гоё өнгө зүстэй цэцэг. Харин Монгол алтанхундага олон талын ач холбогдолтой, ганцхан манайд бий гэдэг утгаараа үндэсний бахархалт ургамал мөн. Олон улсын нэршил нь ч Монголоороо буюу adonis mongolica юм. Засгийн газрын тогтоол гаргачихвал түүнийг үндэслээд судалгаа, хамгааллын ажилд хөрөнгө олох боломж бүрддэг юм. Хөрөнгө мөнгө олчихвол бид байгалийн хөрс орчинтой нь авчирч, Ботаникийн цэцэрлэгт суулгаж, хамгаалж, тарьж ургуулаад ашиглаж болно.
-Уг ургамлыг өдгөө тарималжуулж буй юм болов уу?
-Эмийн өндөр ач холбогдолтойг нь тогтоож, хамгаалах, зохистой ашиглах, тарьж ургуулах, ашиглах асуудлаар манай долоон эрдэмтэн судалж, докторын зэрэг хамгаалсан байдаг. Тэдний нэг нь болох миний аав Д.Магсар тарималжуулах чиглэлээр судалж, докторын зэрэг хамгаалсан. Харамсалтай нь, ургах бололцоо муутай гэсэн үр дүн гарсан. Нөгөө талд нь эмийн ач холбогдлыг судалсан хүмүүс ч бий. Бусад унаган ургамлыг бодвол харьцангуй судлагдсан, хамгаалах арга хэмжээ авах гэж үзсэн нь Монгол алтанхундага. Нэлээд эртний ургамал учраас байгалийнхаа жамаар болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр устаж болзошгүй байна. Гэтэл тарималжуулах боломж бага болох нь тогтоогдсон. Эд өсгөврийн аргаар бас ургуулж үзсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй.
-Унаган ургамлуудын нөөц хэр их байдаг юм бол. Тарималжуулбал хэр үр дүнд хүрэх боломжтой вэ?
-Тарьж ургуулаад шууд ашиглах ургамал бараг байхгүй. Зөвхөн унаган гэлтгүй Монгол орны хэмжээнд байгаа 3127 зүйл ургамлын дотор үйлдвэрлэлийн хэмжээний их нөөцтэй, түүгээд л бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх ургамал алга. Тарьж ургууллаа гэхэд ашигт бодисынх нь агууламж байгаль дээрхээсээ тодорхой хэмжээгээр буурдаг. Нөгөө талаас ихэнх ургамлыг тарималжуулах талаар хийсэн дорвитой судалгаа байдаггүй.
-Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй бол хамгаалах шаардлагатай юу гэх хүн цөөнгүй байх аа?
-Ашиггүй, хэрэггүй ургамал гэж үгүй. Хогийн, хөл газрын ургамал ч ашигтай. Экосистемийн нэг гишүүн шүү дээ. Нэг зүйл төрөл зүйл устах үйл явц бусдыгаа татах аюул дагуулдаг. Ойд зургаан зүйлийн мод ургадаг байлаа гэхэд нэг нь устахад бусад нь дагана гэсэн үг. Ой устаад эхлэхээр экосистемийн өөр нэг бүрдэл хэсэг болох газрын гүний ус багасах, гол горхи ширгэх зэрэг сөрөг үзэгдэл гарна. Өрчихсөн тоосгоноос хоёрыг нь сугалахад нийтээрээ нурдагтай адил. Тиймээс нэг төрөл зүйлийг хамгаалах ч чухал. Гэтэл бидэнд харагдаж, мэдэгдэхгүйгээр устаж буй зүйл хэчнээн бийг таашгүй.
-Ургамлын төрөл зүйл устсан гэдгийг хэрхэн бүртгэдэг юм бэ. Бид ховор ургамлууд дуусах нь гэж ярьдаг боловч яг үнэндээ устсан, эсэхийг бүрэн мэддэггүй.
-Аливаа төрөл зүйл устана гэдэг нь маш том ойлголт. Алга болно, өнжих гэж бас өөр ойлголт ч бий. Олон жил ажиглаж, судалж шийднэ гэсэн үг. Тухайн ургамал устсан, эсэхийг тогтоохын тулд 100-300 жил харах шаардлагатай. 100 жилээ хүлээхгүй устдаг нь ч бий, багагүй хугацаа өнгөрсний дараа ургачихдаг ургамал ч байна.