Улаанбаатар хотод түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр нийслэлийн Засаг дарга гаргаад буй. Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналт, газрын нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй 143 аж ахуйн нэгж байснаас 96-гийнх нь тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани одоогоор 54 бий.
Холбогдох байгууллагынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн юм. Албан шаардлагын хугацаа долдугаар сарын 17-нд дуусаж, хүлээж аваагүй, хүлээн авсан ч зөрчлөө арилгаагүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж байна.
-Олонх нь Туул голын ай саваас хайрга олборлож байсан уу?
-Зөвхөн голын хайрга бус, уулын дайрга, элс, шавар олборлож буй нь ч багтсан. Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон болон тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан.
Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62, гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 33 аж ахуйн нэгж үүнд багтсан. Ихэнх нь Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байв. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гэхэд 7-8 компани багтлаа.
-Нийт хэдэн га талбайг чөлөөлөв. Түүнээс зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээ хэд вэ?
-96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ нийт 5347 га. Үүнээс 340 орчим га талбай эвдэрсэн, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатайг урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 2018 оны дөрөвдүгээр сараас техникийн нөхөн сэргээлт эхэлнэ. Үргэлжлүүлээд биологийн нөхөн сэргээлтийг үе шаттай явуулах ёстой.
-Зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байгаа, сэндийчсэн газраа нөхөн сэргээхгүй байгаа аж ахуйн нэгжид ямар хариуцлага хүлээлгэх юм бол?
-Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосноор аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээх үүргээс мултарна гэсэн үг биш. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр нь нөхөн сэргээлтийг гүйцэтгээд, үлдсэн зардлыг тухайн аж ахуйн нэгжээс үл маргах журмаар гаргуулах ёстой.
Хэрэв барьцаа хөрөнгө байршуулаагүй, нөхөн сэргээх зардал гаргаагүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.