Бурхан халдун хайрханы Их цагаан аралд 2017 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болох Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга зохион байгуулах талаар “Хамаг Монгол овоо” төрийн бус байгууллагаас Live conference-д хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Ураг удмын нэгдсэн эвлэл” ТББ-аас Эртний түүхт Бурхан халдун уулан дахь овооны эртний суурийг тодруулан 2013 онд шав тавьж өнөөг хүртэл сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлсээр 10 дахь удаагаа тахина. Одоогоор Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгуудаас болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсуудаас зарим удам, угсааны төлөөллүүд Хамаг Монголын овооны үйлэнд нэгдэн, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ураг удмын нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Бэгзжав хэлэхдээ “Уулаа усаа хайрлан хамгаалж тахин шүтэх өвгөдийн зарлиг түүхийн нугачаанд мартагдаж буй энэ үед бид уламжлалаа сэргээн үеийн үед тахин хамгаалж байх үүрэгтэй билээ. Улс орноо уруудан доройтохоос хамгаалж байдаг олон уул усны оройлох нь Бурхан халдун уул бөгөөд өнө эртнээс шүтэгдэн дархлагдсан хайрхан. Одоогоор 10 дахь удаагаа бид тахихаар зэхээд байна. Бид жилд дөрвөн удаа улиралд нэг удаа тогтмол тахисаар байна” гэв.