Байгаль орчны эсрэг гэмт хэрэг ой, хээрийн түймрээс урьдчилан, зөрчлийг илрүүлэх, сэргийлэх, тэмцэхэд зориулан мэргэжлийн дрон, байршил тодорхойлон, мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, галд тэсвэртэй ажлын хувцас зэргийг нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт хотын дарга С.Батболд өчигдөр гардууллаа.
Мэргэжлийн дрон нь 500 метрийн өндрөөс долоон км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисэж, зөрчлийг 4К нягтралтай баримтжуулах хүчин чадалтай. Үүнийг гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглах гэнэ. Харин байршил тодорхойлогч төхөөрөмж (GPS) нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай нь мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессеж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчдаас тусламж хүсэх, байршлаа илгээх функцтэй аж.
Ингэснээр байгаль хамгаалагчдыг ажлаа хийж яваа, эсэхийг “тагнах” юм байна. Шижир, Баянголын амны байгаль хамгаалагч Д.Жамбажамц “Би “Найрамдал” зуслангийн ам буюу 6000 га газар, үүнээс ойн сан бүхий 2457 га талбайг хариуцан найм дахь жилдээ ажиллаж байна. 2011¬ 2013 онд гэмт хэрэг, зөрчил цөөнгүй гардаг байсан. Ойн тухай хууль 2013 онд шинэчлэгдсэнээс хойш зөрчил гараагүй. Шинэ багаж хэрэгсэлтэй болсноор ойн түймрийг бага дээр нь дарах, ан амьтан руу буу шагайсан этгээдийг эрт илрүүлэх, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох боломжтой боллоо.
Байршил тогтоогчоо халаасандаа хийчихлээ. Шаардлагатай үед ганц товчлуур дараад л тусламж дуудах, мэдээлэл дамжуулах юм билээ” гэв. Дашрамд дуулгахад, нийслэлийн есөн дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хамгаалдаг юм байна. Мөн энэ үеэр 90 иргэнд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгов.