Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй байна. Буурай эдийн засагтай улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хөл дээрээ өндийн боссон түүхтэй. Бид ч тэдний замаар замнах учиртай. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай улсад жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө гадаадаас орж ирвэл эдийн засаг үсчээд, үсчээд өсчихнө” гэж ярьж байв.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, ажилчдаа авч байна. Уг төслийг Монголд жилд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна гэж тооцож буй ч энэ онд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй нь бололтой. Гэсэн ч ирэх жилээс мөнгө урсгаж эхлэх сайхан мэдээ бий. Бусад том төслөө ч хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг Монгол руу соронз мэт татъя.
Хөрөнгө оруулагчдын нүдэнд Монгол Улс хэрхэн дүрслэгдэж байгаа бол. Төсөөлж үзье. Мэдээж уул уурхайн асар их баялагтай орон. Дэд бүтэц нь бараг хөгжөөгүй. Тиймээс ямар ч төрлийн бизнес эрхлэхэд өндөр зардалтай. Хятад хэмээх асар том зах зээлтэй хаяа залган оршдог. Энэ хамгийн том боломж нь. Гэвч дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ унасан учир хөрөнгө оруулахад эрсдэлтэй.
Түүхий эдийн үнэ өсөх “Алтан цаг”-ийг хүлээх шаардлагатай. Хөдөө аж ахуйд нь хөрөнгө оруулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэх боломж бий. Гэсэн ч гадаад худалдаанд өндөр босго тавьдаг Хятад, ОХУ гэсэн хоёр гүрний дунд хавчуулагдан оршдог учир хөрөнгөө дэмий үрэх магадлал өндөр. Хөрөнгө оруулагчдын нүдэнд эргэлзээ, болгоомжлол төрүүлсэн иймэрхүү л дүрслэл тодорч буй болов уу. Тиймдээ ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн дөрвөн жил дараалан үлэмж хэмжээгээр буурав.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор энэ оны эхний хагаст гадаадаас 36-хан сая ам.долларын шууд хөрөнгө манайд орж иржээ. Тэгвэл өнгөрсөн жил 110 сая ам.долларын хөрөнгөө гадаадынхан манайд оруулсан байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 1.6 тэрбум ам.доллар байсан. Үүнтэй харьцуулбал, хөрөнгө оруулалт 14 дахин буураад байна. Өөр нэг үзүүлэлтийг харьцуулъя. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 онд 9.8 их наяд төгрөг байжээ.
Тэгвэл 2015 онд 23.2 их наяд төгрөг болж өсөөд байна. Эдийн засаг 2.5 дахин томорч, гадаадын хөрөнгө оруулалт 14 дахин буурчээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөө их хэмжээгээр багассан гэсэн үг. Оюутолгойн анхны санхүүжилт болон уул уурхайн бусад төслийн нөлөөгөөр 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоож байлаа. Оюутолгойн анхны санхүүжилт 2012 онд дуусав, эрдэс түүхий эдийн үнэ ч унав, ингээд хөрөнгө оруулагчид Монголоос зугтсан юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол сайн мөнгө. Учир нь эдийн засагт шингэдэг, ажлын байр олноор бий болгодог. Ажлын байр олноор бий болох нь эдийн засгийн өсөлт болон нийгэмд сайн нөлөөтэй. Иргэдийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулан, худалдаа, үйлчилгээний салбарыг өсгөдөг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт тухайн улсын валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн дөрвөн жилд манай улс нийт зургаан тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтын хомсдолд орсон гэж Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тодорхойлдог.
Өмнөх Засгийн газар хоёр тэрбум гаруй ам.доллар олон улсын зах зээлээс татсан нь хөрөнгө оруулалтын хомсдолыг нөхөх зорилготой байлаа. Одоо ч ам.долларын хомсдолоо нөхөж, эдийн засгаа тэлэхийн тулд зээл авах шаардлага байсаар л байна. Зээл бол муу мөнгө. Хэсэг хугацааны дараа төлдөг, дээр нь хүү тооцдог. Өөрөөр хэлбэл, нэмэлт зардалтай гэсэн үг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа өсгөх нь хамгийн зөв зам юм.
Хөрөнгө оруулалт татахын тулд яах вэ? Хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт л анхаарлаа хандуулах нь дамжиггүй. Ерөөсөө тийм сонирхолтой нь илт. Өмнөх жилүүдэд манайх руу “цутгасан” хөрөнгө оруулалтын 90 хувь нь уул уурхайн салбарт ногдож байлаа. Тиймээс хөрөнгө оруулагчдад тавьж өгөх өгөөш нь уул уурхай, түүнийг тойрсон дэд бүтцийн төсөл байх учиртай.
Жилд дор хаяж 500 сая ам.долларын хөрөнгө зарцуулах 2-3 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тавантолгойн коксжих нүүрсний ордыг тойрсон дэд бүтцийн төслүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн түрүүнд татна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын Засгийн газарт бэлэн болсон нэг ч төсөл алга” гэж мэдэгдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станцын төслийн судалгаа, ТЭЗҮ-ийг сайн хийсэн гэж бодож байна. Иймээс эдгээр төслийг хамгийн түрүүнд төрийн бодлогоор хөдөлгөх хэрэгтэй.
Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорацыг шалгаруулсан. Уг төслийн хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар болох юм. “Оюутолгой”-н толгой компани “Туркойз хилл ресурс” 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргасан нь энэ төсөлд хөрөнгө оруулагчдын итгэлийг улам лавшруулж байгаа.
Төсөл хэрэгжсэнээр “Оюутолгой” болон говийн бүсийн уул уурхайн төслүүд эрчим хүчний найдвартай хангамжтай болно. Уг төсөл нь хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна Хятад руу цахилгааны төлбөрт өгч буй 110 сая ам.долларыг дотооддоо үлдээх юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний төмөр замыг барьж дуусгахад 900 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Монгол Улсын Хөгжлийн банкнаас төмөр замын төслийг 200 сая ам.доллароор санхүүжүүлсэн. “Монголын төмөр зам” компани уг хөрөнгөөр төмөр замын далангийн 70 гаруй хувийг барьчихаад байна.
Үлдсэн санхүүжилтийг нь шийдвэрлэчихвэл энэ төслийг яаралтай хэрэгжүүлэх боломжтой. Энэтхэгийн Засгийн газрын зээлээр уг төслийг санхүүжүүлнэ гэж ярьж буй. Гэсэн ч төслийг хэзээ үргэлжлүүлэх нь, Энэтхэгийн Засгийн газрын зээлээр санхүүжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьчихвал нүүрс борлуулах тээврийн зардал хоёр дахин буурч, Тавантолгойн ордын өгөөж өсөх юм.
Гадаадын хөрөнгө оруулагчид “Тавантолгой” төслийг төмөр замтай нь уялдуулан хэрэгжүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ингэвэл эдийн засагтаа илүү өгөөжтэй байх нь дамжиггүй. Тавантолгойн бүтээн байгуулалтад нийт дөрвөн тэрбум орчим ам.доллар зарцуулах тооцоо бий.
Засгийн газраас Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сүмитомо”, Монголын “Энержи ресурс”-ийн консорциумыг Тавантолгойд хөрөнгө оруулагчаар сонгосон ч эрх баригч намын бизнесийн бүлэглэлийнхэн зогсоосон юм. Энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүргийг “Эрдэнэс Монгол” компанид Засгийн газар даалгасан ч хөрөнгө оруулагчдаас шалтгаан бүрэн зогссон гэнэ лээ. Дахиад л шинээр эхлүүлэх нь.
Уул уурхай болон дэд бүтэц, дараа нь эрчим хүчний төслүүддээ хөрөнгө оруулалт татах учиртай. Түүний дараа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөө бодлого, зорилтоо чиглүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын төлөө урагшаа.