Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-гээс нэг түвшнээр доошлуулан, B-болгохын сацуу эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан талаар “Financial Times” өнгөрсөн баасан гаригт уламжлав. Тус агентлаг мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийг засгийг энэ онд 2.6 хувиар өснө гэж өмнө нь таамаглаж байсан бол 1.3 болгон бууруулсан.
Монголын санхүүгийн нөхцөл хүндэрч, экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан зэрэг нь дээрх төлөвийг өөрчлөхөд нөлөөлсөн. Төгрөгийн ханш суларч байгаа эрсдэл бий. Тус улсын Засгийн газрын өрийн хагас, арилжааны банкуудын зээлийн гуравны нэг нь гадаад валютаар байгаа” хэмээн тэмдэглэжээ.
Бас “2017, 2018 онд хийх бондын төлбөр гадаад валютын нөөцөөс нь ч давахаар байгаа” гэжээ. “Standard & Poor’s” манай улсын ДНБ-ийг 2016-2019 онд дунджаар 3.2 хувиар тэлнэ хэмээн өмнөхөөсөө бууруулан тооцсон гэж “Reuters” мэдээлэв. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын урт хугацааны зэрэглэлийг мөн л доошлуулан B-болгожээ.
Түүнчлэн энэ онд манай улсын ДНБ-ийг энэ онд 1.3 хувиар тэлнэ гэж үзсэн аж. Тус агентлагийнхан “Standard & Poor’s”-ийнхтэй адил буюу 2016-2019 онд эдийн засгийн өсөлт 3.2 хувь (өмнө нь дөрвөн хувьд хүрнэ гэж тооцож байв) байна гэж таамаглажээ. Гэхдээ “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн хоёр томоохон төсөл эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжтойг дурдсан байна.