Монгол Улс бүсээ чангална. Аль хэдийнэ ингэх байсан юм. Төсвийн алдагдал сүүлийн гурван жилд нэг их наяд төгрөгөөс буурсангүй. 2016 оны төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй гэж олон эдийн засагч зөвлөж байв. Ялангуяа, Монголбанкнаас 2016 оны төсвийг алдагдалгүй батлах саналыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж байлаа. Гэсэн ч эрх баригчдыг дийлээгүй. УИХ-ын гишүүд энэ жилдээ алдагдалтай баталчихъя, харин 2017 оноос хойш алдагдалгүй батална гэж төсвийн төсөөлөлд тусгасан. Улмаар 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан.
Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ тодотголоор төсвийн зардлыг танаж, бүтцийг нь шинэчлэхээ зарлалаа. Ерөнхий сайд төсвийн зарим зардлыг бууруулж, хавтгайрсан халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлнэ гэж ам гарав. УИХ-ын хэлэлцүүлгээс ямар үр дүн гарах нь тодорхойгүй ч төсвийг шинэчлэхээр зориглосон нь сайн хэрэг. МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулсан учир Засгийн газрынхаа саналыг бүрэн дэмжинэ гэж итгэж байна. Хүссэн шинэчлэл ийнхүү хаяанд ирлээ.
Хүссэн шинэчлэл гэж онцолж буй нь учиртай. Өмнөх УИХ төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөн баталж байв. Төсвийн орлого жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарсан нь тэдний өөдрөг бодол хийсвэр байсныг нотолно. Мөн төсвийг жил бүр 400 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай баталж байлаа. Алдагдлаа дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гарган нөхөж байв. Засгийн газрын бондыг банкууд л худалдаж авдаг. Уг нь банкуудын мөнгө бизнесийн зээл болж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, барилга гэх мэт ажлын байр олноор бий болгодог салбарыг дэмждэг байсан бол эдийн засагтаа илүү тустай байв.
Гэвч Засгийн газар өндөр хүү амлан, банкны мөнгийг сорж авчихаад байлаа. Гүйцэтгэх засаглалын дотоодын зах зээлд гаргасан бонд өдгөө дөрвөн их наяд төгрөгт хүрээд байна. Төсвөөр дамжин эдийн засагт цутгаж буй мөнгө хэрэглээний эдийн засгийг илүүтэй дэмжиж, үнэ хөөргөддөг. Харин банкны сектороор дамжин зах зээл рүү орж буй мөнгө бодит эдийн засгийг өсгөдөг юм. Тиймээс төсвийн зардлаа хумьж, мөнгөний бодлогоо тэлэн, эдийн засгаа хөгжүүлэх нь зөв загвар юм. Иймээс хүссэн шинэчлэл гэхээс өөр арга алга.
Монгол Улсын төсвийн сахилга бат муу гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Уг нь “Голланд өвчин” тусахаас сэргийлж, Чилийн сайн туршлагын дагуу төсвийн эрх зүйн орчныг шинэчилсэн. Үүнийг эрх зүйн сайн шинэчлэл болсон гэж судлаачид үздэг. Шинэчлэлийн гол “амин сүнс” нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээ, түүхий эдийн экспортоос олох орлогыг жишиг үнээр тооцох хязгаарлалт тавьсан юм. Тухайлбал, Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40, төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй барина гэсэн хязгаар тавьсан.
Гэтэл Засгийн газрын өр ч, төсвийн алдагдал ч хязгаараа байнга давж байлаа. 2016 оны төсвийг батлахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3, алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй барина гэж тогтоосон. Хуулиа өөрчилж тогтворжуулах хязгаараа тэлсээр байгаа нь сахилга батаа алдсаар буйн илрэл. Улстөрчид “Эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Энэ жил хязгаараа тэлчихье. Дараа жил буцаагаад хумьчихъя” гэж ятгасаар эцэст нь төсвийн сахилга батаа алдлаа. Сангийн яамныхан төсвийн зардал нэмэгдэхээр алдагдлыг нь багасгахын тулд МИАТ компани, Төрийн банкийг хувьчилна хэмээн төсөвт тусгах заль хэрэглэж байх жишээтэй.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ жилийн төсвийн орлого 5.2 их наяд төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо танилцуулж байна. 2016 оны төсвийг батлахдаа зарлагыг нь 7.9 их наяд төгрөг байхаар тооцсон. Ингэхээр 2.7 их наяд төгрөгийн алдагдал үүснэ гэсэн үг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монголбанкнаас уламжлалт бус мөнгөний бодлогын дагуу хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн хөрөнгийг төсөвт тусгахаа мэдэгдээд байгаа. Ингэвэл төсвийн алдагдал талийж өгөх нь мэдээж. “Сайн” хөтөлбөрүүдийг төсөвт тусгалгүйгээр уламжлалт бус мөнгөний бодлогын схемээр нь үргэлжлүүлэн, малчид, оюутнууд, гэр хорооллынхонд зээлсэн мөнгөнийг нь эргүүлж татсаны дараа хаах хэрэгтэй болов уу. Хэрэв төсөвт тусгавал алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр бүү хэл 20 орчим хувьтай тэнцэж, хязгаараасаа халина.
“Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төсөвт тусгахгүй гэж үзвэл дээр дурдсанчлан 2.7 их наяд төгрөгийн алдагдал үүсэх нь. Алдагдлын тодорхой хэсгийг гадаадын зээлээр санхүүжүүлэх боломжтой. Гэсэн ч дор хаяж нэг их наяд төгрөгийн зардал танах шаардлага бий. Төсвийн зардлын 30 хувь буюу хоёр их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулдаг. Мөн 40 хувийг нь тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, татаас, шилжүүлэгт зориулна. 15 орчим хувиар нь Засгийн өрийн хүүг төлдөг. Үлдсэнээр нь хөрөнгө оруулалт хийнэ.
Өмнөх туршлагаас харахад, Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн түрүүнд царцаадаг уламжлалтай. Харин энэ удаад Ерөнхий сайд төрийн зарим албан хаагчийн цалинг хасаж, нийгмийн халамжийг зорилтот бүлгийнхэнд л өгнө гэж хэллээ. Тодруулбал амьжиргааны түвшин доогуур иргэдэд л нийгмийн халамж хүртээх нь. Энэ бол манай улстөрчдийн гаргаж зүрхэлдэггүй шийдвэр. Тэд олон нийтийн дэмжлэг авч чадахаа болино гэж эмээдэг учраас хавтгайрсан халамжийг дэмждэг нь нууц биш. Ийм шийдвэрийг хэн нэгэн хэзээ нэгэн цагт гаргах л ёстой.
Хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохын тулд 240 тэрбумыг төсөвлөдөг. Оюутнуудыг автобусаар үнэгүй зорчуулахад 50, сар бүр тэтгэмж олгоход 30 тэрбум төгрөг зарцуулдаг. “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа тэтгэмж олгоход 30 тэрбум төгрөг зориулдаг. Манай улс нийт 71 төрлийн нийгмийн халамж үзүүлдгээс дээрх нь зорилтот бүлэгт чиглэдэггүй, хавтгайрсан халамжууд юм. Эдгээрийг зорилтот бүлэгт чиглүүлбэл 200 орчим тэрбум төгрөг хэмнэх боломж бий.
Агентлагийн даргаас дээш түвшний албан тушаалтнуудын цалинг бууруулна гэж Сангийн яамнаас нэмэлт тодруулга хийсэн. Өндөр албан тушаалтнуудын цалингаас их хэмжээний мөнгө хэмнэж чадахгүй. Цөөн дарга нарын цалинг хасаад тэрбум төгрөгт ч хүрэхгүй байх. Төсөвт байгууллагуудын урсгал зардлаас нэлээд их хэмжээгээр танах боломжтой. Төсвийн байгууллагуудын цаас худалдаж авах гэх мэт урсгал зардлыг нэг их наяд төгрөгөөс 750 сая болгож бууруулаад байгааг Сангийн яамныхан дуулгасан. Дахиад ч танах хэрэгтэй. Эндээс цалин хасаад, хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт шилжүүлээд, төсөвт байгууллагуудын зардлыг танаад нэг их наяд төгрөг хэмнэж чадахааргүй харагдаж байгаа биз. Иймээс Засгийн газар хөрөнгө оруулалтаа л царцаах болов уу. Төсвийн зардлыг танах нь хялбар ажил биш. Гэсэн ч бүсээ чивчиртэл чангалах хэрэгтэй байна.