Ам.долларын ханш улам савлаж байна. Төвбанкнаас зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 2237 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд энэ нь долоо хоногт 100 төгрөг буюу тав орчим хувиар чангарсан үзүүлэлт болов. Мөн сүүлийн хоёр сард төгрөг 300 орчмоор суларсан нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдлоо.
Валют арилжааны “Найман шарга” төвд ч тус валютын ханшийн савлагаа өдөрт 40-50 төгрөгөөр хэмжигдэж буй нь анхаарал татаж байна. Жил бүрийн өдийд голлох валютуудын ханш өсдөг жишиг байдаг ч үүн шиг богино хугацаанд хүчтэй савласан тохиолдол цөөн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, валютын нөөц татарч байгаагаас гадна Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нарын өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандсан мэдэгдэл үүнд нөлөөллөө гэж зарим шинжээч үзэж байна.
Манай улсын валютын нөөц хасах утгатай болсон, төсөв өр төлбөрийн дарамтад орсон зэрэг мэдээллээс үүдээд иргэд төгрөгөө ам.доллароор солихоор хошуурсан бололтой. Ингэснээр зах зээлд эрэлт зохиомлоор өсөж, ам.доллар хомсдож буй аж. Тухайлбал, арилжааны банк, валют арилжааны төвүүдэд тус валютыг худалдаж авах хүсэлт ихээр ирэх болжээ. Зарим арилжааны банк үүний эсрэг арга хэмжээ авч, ам.доллар болон төгрөгийн гүйлгээндээ хязгаар тогтоож эхэллээ. Тухайлбал, иргэд нэг өдөрт хадгаламжаасаа дээд тал нь 2.5 сая төгрөг гарган, ам.доллар худалдан авах боломжтой байгаа аж.
Мөн бэлэн мөнгөөр валют худалдан авах хязгаар нь нэг сая төгрөг болжээ. Ийнхүү ноён ногооны “амыг татаж” дийлэхгүй нь гэдэг сөрөг мэдээлэл зах зээлд хуурай өвсөнд тавьсан түймэр шиг хурдан тархаж, ам.долларын зохиомол хомсдол үүсгэх уршиг тарилаа. Энэ нь ханшийн савлагаагаар илэрч буй аж.