Монгол улсын төгрөгийн ханш энэ сард эрчимтэй унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют боллоо хэмээн Нью Йорк хот дахь Блүүмберг агентлаг мэдээллэжээ.
Төгрөгийн ханш 22 өдөр дараалан унаж өчигдрийн 17:05 цагийн байдлаар доллартой харьцах ханш 2243.50 байсан нь 1993 оноос хойш гарсан хамгийн доод үзүүлэлт юм. Энэ сард төгрөгийн ханш 7.8 хувиар унаж, улмаар дэлхийн 154 гаруй валютаас хамгийн их ханш нь унасан валют болжээ.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалт зогссоны улмаар Монголын эдийн засаг хүндхэн цохилтод оржээ.
Олон улсын валютын сангийн багийн эдийн засгийн тулгамдсан асуудлыг зохицуулах талаар Монголын Засгийн газартай хэлэлцээ хийхээр өчигдөр тус улсад иржээ. Энэ талаар Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер энэ уулзалтын тухай нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд “Олон улсын практикийн дагуу шинээр сонгогдсон засгийн газартай урьдчилан холбоо тогтоохоор энэхүү уулзалтыг хийж байна” хэмээн мэдэгджээ.