Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Манай улсын төсөв бараг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байна. Орлого хумигдаж буйн хажуугаар зарлага нь тэлж байгаа. Гадаад, дотоод бондын өрийн төлбөрт төсвийнхөө дийлэнхийг зарах нь. Төсөвт ирж буй энэ дарамтыг цаашид хэрхэн бууруулах вэ?
-Нэгдүгээрт, улсын төсвийг хэлэлцэн баталж буй өнөөгийн практик болон эрх зүйн орчинд алдаа байгааг манай судлаачид, олон улсын байгууллагуудын шинжээчид хэлсээр ирсэн. Аль ч улсад Парламент нь байгуулсан Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн төсвийн төслийг батлахдаа зарчмын томоохон өөрчлөлт хийдэггүй.
Парламент нь Засгийн газрынхаа боловсруулсан төсвийн төсөлтэй санал нийлэхгүй байна гэдэг бодлогыг нь дэмжихгүй буйтай адил учир бага хэмжээний л өөрчлөлт оруулдаг жишиг дэлхий нийтээр тогтсон. Манайд улсын төсвийг хэлэлцэн батлах үйл явцыг өмнө нь УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа боловч төсвийн төсөлд томоохон өөрчлөлт оруулах боломж олгосон буруу тогтолцоог өнөөг хүртэл зөвшөөрч ирсэн.
Энэ байдал нь сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг ихээхэн нэмэгдүүлэх, төлөвлөсөн орлогыг тасалдуулах, зарлага санхүүжилтээ гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүргэж байгаа юм. Иймээс юуны өмнө төсвийн төслийг хэлэлцэн баталж байгаа хууль эрх зүйн орчныг өөрчилж, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөвт УИХ хүндэтгэлтэй хандах, хэрэв санал нийлэхгүй зүйл байгаа бол Ерөнхий сайдтайгаа зөвлөлдөж, төслийг буцаах боломж олгох, мөн Ерөнхий сайд оруулсан төсвөө буцаан татах эрх олгох зэрэг зарчмын өөрчлөлтийг нэн яаралтай оруулах шаардлагатай. Цаашид хууль эрх зүйн орчин нь өнөөгийнхөөрөө байж, өргөн мэдүүлсэн төсвийг нь ихээхэн өөрчилсөөр байвал эдийн засгийн хүндрэл, хямрал ирэх жилүүдэд ч үргэлжилнэ.
Хоёрт, сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын зах зээлд өр үүсгэж хөрөнгө босгох үйл ажиллагаа замбараагаа алдсан. Бонд босгохоос гадна төсөвт эх үүсвэр нь тусгагдаагүй байхад концессын гэрээгээр ажил гүйцэтгүүлж нуугдмал хэлбэрээр өр үүсгэх явдал газар авлаа. Иймээс Засгийн газрын өр нэмж байгаа бүхий л нөхцөлийг хуулиар нарийвчлан зохицуулах, хууль зөрчсөн үйлдэл бүрт УИХ-аас хариуцлага тооцож, таслан зогсоодог байх хэрэгтэй. Олон жилийн турш хуримтлагдсан өр улсын төсөв болон эдийн засагт ямар их сөрөг нөлөө үзүүлдийг бид одоо мэдэрч эхэлж байна.
-Гадаад бондын өрийг улсын төсөв, төлбөрийн тэнцэлд дарамт багатайгаар төлөх буюу бүтцийн өөрчлөлт хийх боломж бий юү?
-Олон улсын түвшинд бондын өрийн дарамтыг зохицуулж ирсэн сайн, саар туршлага их бий. Эдгээрийн дотор өрийн бүтцийг Олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай өөрчилж, харьцангуй бага хүүтэй өөр бонд, үнэт цаасаар солих, хугацааг нь сунгах зэрэг аргыг ашиглаж, өрийн дарамтаас гарсан улс орнуудын жишээ цөөнгүй байгаа.
Жишээлбэл, Мексик улс 1990-ээд онд үүссэн өрийн дарамтаа зохицуулахын тулд ОУВС болон АНУ-ын Төрийн санд хандаж дэмжлэг хүссэн байдаг. Хөгжиж байгаа орнуудыг өрийн дарамтаас гаргах нь олон улсын санхүүгийн зах зээлийг эрсдэлээс сэргийлэх нөлөөтэй гэж тухайн үед АНУ-ын эрх баригчид үзэж, тус улсын Конгрессээс тусгайлан боловсруулж баталсан “Bredy plan” нэртэй өрийн бүтцийг өөрчлөх төлөвлөгөөг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд Мексик улсын өндөр хүүтэй, төлбөр хийх хугацаа нь тулсан гадаад бондын өрийг АНУ-ын Засгийн газрын урт хугацааны бондоор солих аргыг хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн. Улмаар Мексик улс санхүүгийн хүндрэлтэй байдлаас амжилттай гарсан бөгөөд 2003 он гэхэд АНУ-д бондын төлбөрийг нь бүрэн төлж дуусгасан юм. Энэ мэтчилэн олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлсэн арга хэрэгслийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Одоо гагцхүү цаг алдалгүй бүтцийн өөрчлөлтийн бэлтгэлийг хангах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг эхлэх хэрэгтэй байна. Энэ ажлыг амжилттай хийснээр төлбөрийн тэнцэл, ирэх жилүүдэд улсын төсөвт учирч болох ихээхэн дарамтыг хөнгөвчилж, улмаар хөрөнгө оруулагчдад бизнес, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж өгөх учраас ихээхэн ач холбогдолтой, эхний ээлжинд авах ёстой арга хэмжээнүүдийн нэг юм.
-Өмнөх Засгийн газар энэ оны төсвийг боловсруулахдаа шинэчлэл хийсэн боловч УИХ-ын босгыг давж чадаагүй. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой УИХ нь өөрөө хуулиа зөрчиж буй үед төсвийн шинэчлэлд найдах боломж бага байх шиг байна. Тэгэхээр төсвийнхөөс илүү засаглалын шинэчлэлд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Төсвийн шинэчлэлийг улстөрчдийн захиалга, сонирхлоор биш, мэргэжлийн хүмүүс нь улс орныхоо урт, дунд хугацааны хөгжлийн зорилт, цаашид хэрэгжүүлэх хөгжлийн бодлогуудтай нягт уялдуулан сайтар бодож, төлөвлөж боловсруулах шаардлагатай. Монгол Улсын Ерөнхий сайдын сүүлийн үед ярьж байгаа Үндсэн төсөвтэй байх, төсвөөс гадуур байгаа нуугдмал олон төсвийг улсын төсөвт бүрэн хамруулах, төсвийн алдагдлыг зохих шаардлагын түвшнээс илүү гаргалгүй баталдаг тогтолцоог бүрдүүлэх гэсэн саналыг дэмжиж байна.
Юуны өмнө бид улсын төсвийн бодлого, тогтолцоонд эдгээр өөрчлөлтийг хийх шаардлагатай. Төсвийн шинэчлэл бол богино хугацааны ашиг сонирхолд нийцүүлэх тухай асуудал биш. Улс орны төсөв, санхүүгийн тогтолцоог урт хугацаанд эрүүл, тогтвортой байлгах гэсэн алс хэтийн зорилгоор хэрэгжүүлэх ёстой бодлого юм.
-Хүүхдийн мөнгө, оюутны мөнгө гэх мэт халамжийн хөтөлбөрийг цаашид ямар хэлбэрээр үргэлжлүүлэх хэрэгтэй вэ?
-Улстөрчид эдгээр хөтөлбөрийг анх санаачлан гаргасан. Манай улстөрчдийн дунд амжилттай бизнес эрхэлж байсан, овсгоо самбаатай, мөнгө босгож сурсан хүмүүс байгаа нь сайн хэрэг. Гэхдээ микро түвшинд хэрэгжээд болж байсан зүйл, макро эдийн засгийн орчинд огт өөр байдаг гэдгийг анхаарах ёстой. Макро эдийн засагт төсөв, мөнгө, санхүүгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт нягт уялдаатай олон хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн ээдрээтэй тогтолцоо оршиж байдаг.
Аливаа бодлогын арга хэмжээний эерэг, сөрөг үр дүн нь олон зуун мянган хүний амьдралд нөлөөлөхийн зэрэгцээ, үр дагавар нь олон жилийн туршид үргэлжилдэг гэдгийг сайтар ойлгож, аливаа санаачилга, төслийг үр дагаврыг урьдчилаад сайтар тооцоолж, судлаачидтай зөвлөлдөж байж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.
Сүүлийн 10 гаруй жил хэрэгжүүлж ирсэн олон төрлийн халамжийн хөтөлбөр бүгд урт хугацааны, үр дагаврыг нь урьдчилан тооцоолоогүй, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ, тэр нь хэр баталгаатай байх вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгөөгүй, яаруу сандруу бодсон байдаг. Иймээс өнгөрсөн жилүүдэд бид халамжийн хөтөлбөрүүдийг зөв боловсруулсан уу, үр дүнд хүрсэн үү, цаашид ямар хэлбэрээр үргэлжлүүлбэл зохистой вэ зэргийг тооцох ёстой.
Тиймээс санхүүжүүлэх эх үүсвэрийг сайтар тооцоолж, баталгаатай болгох, хөтөлбөрт хамрагдах хүрээнд тодорхой хязгаар шалгуур тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна. Шийдвэрийг улстөрчид гаргадаг учир эдгээр хөтөлбөр цаашид үргэлжлэх нь тодорхой болов уу гэж төсөөлж байна.
-Сүүлийн үед “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ?
-Макро эдийн засгийн сүүлийн жилүүдийн бүхий л тоон үзүүлэлтийг харьцуулан авч үзвэл манай улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал үнэхээр хүнд байдалд ороод буй нь эдийн засагч бус жирийн иргэдэд ч ойлгогдохоор тодорхой байна. Хүндрэл зөвхөн макро түвшинд бус, арилжааны банкуудад, аж ахуйн нэгжүүдэд, жирийн айл өрхийн түвшинд хүртэл мэдрэгдэж байна. Иймээс үүнээс гарах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Өнгөрсөн 2015 онд УИХ-аас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан гаргасан боловч түүний мөрөөр Засгийн газар, Монголбанк үр дүнтэй ажил хийсэнгүй. Энэ онд зөвхөн сонгуульд зориулсан бодлого, арга хэмжээг л өргөн хүрээтэй авч хэрэгжүүлснээр нөхцөл байдлыг улам дордуулсан гэж үзэж байна. Нэгэнт тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахад Монгол Улсын өнөөгийн төсөв, санхүүгийн нөөц хүрэлцэхгүй.
Учир нь бид дэндүү их цаг алдсан, маш их өр тавьсан, их мөнгө тараасан. Иймээс дотооддоо хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаад түнш улс орнуудын дэмжлэг туслалцаатай зөв хослуулснаар нааштай үр дүнд хүрч, эдийн засгаа сэргээх боломж бүрдэх юм.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон ОУВС зэрэг туршлагатай, нэр хүндтэй, хөрөнгө санхүүгийн асар их боломж, нөөцтэй олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.
-Манай улс өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ хөтөлбөр хэр үр дүнтэй байсан бэ?
-2008-2009 онд тулгарсан эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулахын тулд ОУВС-д хандаж хүсэлт тавьснаар маш богино хугацаанд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус байгууллагаас 230 сая ам долларын санхүүгийн дэмжлэг авсан нь ихээхэн үр дүнтэй болсон. Уг хөтөлбөрийн үнэлгээг 2011 онд хийж, тайлан гаргасан байдаг. Энэхүү тайланд Монгол Улс хямралыг хэрхэн амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтөд хүрсэн талаар тодорхой тусгасан.
ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрийн тусламжтайгаар эдийн засгаа хөл дээр нь босгож, төсөв, санхүүгийн тогтолцоогоо тогтворжуулж чадсан улс орнууд Туркээс эхлээд олон байдаг. Иймээс Засгийн газар ОУВС болон бусад банк, санхүүгийн байгууллагатай зохистой хөтөлбөр тохиролцож, богино хугацааны бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд үүнээс өөр илүү дээр, сайн сонголт бараг байхгүй, цаг хугацаа өнгөрсөөр хүндрэл улам бүр гүнзгийрч болзошгүй байгаа гэдгийг анхаарч шуурхай ажиллах нь зүйтэй.