Унаж буй эдийн засгаа өөд нь татахын тулд мөнгөний тэлэх бодлого явуулах хэрэгтэй. Эдийн засаг руу мөнгө нийлүүлж байж л сэргээнэ. Унаж байхад нь мөнгөний нийлүүлэлтээ танавал эдийн засаг улам сулрах болно. Зүйрлэвэл, газар хагалах ажилд зүтгэсээр байгаад сульдаад тэнхээгүй болсон морийг гуядаж буйтай адил. Ингэвэл ажлын хүндийг нугалах морьгүй ч болж мэднэ.
Харин морио амраагаад, өвс тэжээлийг нь ахиухан өгч, хүч чадлыг нь сэлбэвэл ажлын бүтээмж нь сайжирна. Магадгүй болхи зүйрлэл ч байж мэдэх юм. Гэхдээ хүч сэлбэж буй зарчим нь эдийн засгийн тэлэх бодлоготой адилхан.
Юутай ч Ерөнхий сайд төсвийн зардлыг нэлээд их хэмжээгээр танахаа мэдэгдлээ. Төсөв бол зах зээлд мөнгө нийлүүлэх нэг суваг. Төсвийн зарцуулалтаар зах зээл рүү бэлэн мөнгө урсаж, эдийн засгийн “цус” эргэлдэж байдаг. Шинэ Засгийн газрын эхний алхам нь хумих бодлого руу хазайж байна.
Гэхдээ бүхэлд нь хумих бодлого баримтална гэж бодохгүй байна. Төсвөөс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөнгөний бодлого гэсэн сувгаар зах зээл рүү төгрөг урсдаг. Төсвөө хумьсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөнгөний бодлогоо тэлж, эдийн засгаа сэргээх боломжтой.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх нааштай өөрчлөлтүүд бий болсон хэдий ч энэ жил эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадахааргүй байна. Ойрын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом сэргэх шинж алга. Тэгэхээр энэ сувгаар дамжиж, зах зээл рүү их хэмжээний мөнгө урсахгүй гэсэн үг.
Хэдий хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх вэ? Ийм асуулт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээтэй шууд холбогддог. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал “Жилд тэрбум ам.доллароос илүү гадаадын хөрөнгө орж ирвэл Монголын эдийн засаг өндөр хувиар өссөөр байх болно” гэж дүгнэсэн удаатай.
Төсөв, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр сувагт найдахад бэрх аж. Тэгвэл мөнгөний бодлого гэсэн суваг үлдэж байна. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталбал гурав дахь суваг хаагдана гэсэн үг. Бүх сувгаа хаавал Монголын эдийн засаг хаа хүрэх нь тодорхой. Тосон хүлээж буй хямралын ангал руу унана.
Эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний бодлогын сувгийг хааж болохгүй. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний зөөлөн бодлого барих хэрэгтэй.
Мөнгөний тэлэх бодлого баримталж буй нь энэ гээд төгрөг хэвлээд зах зээлд нийлүүлчих боломж байхгүй. Ингэвэл ам.долларын ханшийн өсөлтөө улам дэвэргэж, эдийн засгаа улам хүндрүүлэх болно. Манайх сүүлийн хоёр сард ам.долларын ханшаа алдчихлаа гэхэд хилсдэхгүй. Төгрөгийн ам.доллартой
харьцах ханш 7-8 дугаар сард 300 төгрөг буюу 10 гаруй хувиар суларчихлаа. “Найман шарга” худалдааны төвийн ченжүүд ам.долларыг 2225-2235 төгрөгөөр зарж байна. Валютын ханшийг эдийн засгийн толь гэдэг.
Сүүлийн гурван жилд ам.долларын ханш 900 төгрөгөөр чангарав. Манай эдийн засгийн өсөлт 1.4 хувь болтлоо саарав.
Нэгэнт гадаадынхан доллароо цүнхлээд манайд хөрөнгө оруулахаар гүйгээд ирэхгүй учраас урсгалыг нь нэмэгдүүлэхийн тулд зээл авахаас өөр гарц алга. Хэрэв ам.долларын зээл авбал ханш буурахаас гадна Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ нэмэх боломж бүрдэнэ. Валютын нөөц ч өснө.
Богино хугацаанд эдийн засгаа хүндрэлээс гаргаж, өсөлтийн суурийг нь засахад доллар л хэрэгтэй байна. Зээл бол муу мөнгө. Учир нь авч хэрэглэчихээд хэсэг хугацааны дараа эргүүлж төлдөг. Өөрөөр хэлбэл, зах зээлээс буцаад гардаг гэсэн үг. Харин хөрөнгө оруулалт бол сайн мөнгө. Мөнгөний нийлүүлэлтийн нэмэгдүүлээд, эдийн засагт шингэдэг, нэмүү өртөг бүтээдэг.
Эдийн засгаа унагачихаад эргүүлээд босгох нь зээл авчихаад дараа нь төлөхөөс илүү хохиролтой. Ингэхээр муу мөнгө бидэнд богино хугацаанд сайн нөлөөтэй юм.
Манайхан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын зээлд хязгаар тавьсан. Уг хуулийн дагуу Засгийн газрын зээл авах дээд хязгаар дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувиас хэтрэх учиргүй.
Өмнөх Засгийн газар дотоод, гадаадын зах зээлд 14.3 их наяд төгрөгийн бонд гаргаж дээд хязгаарт нь тулгачихсан байгаа. Шинэ Засгийн газар зээл авахад өрийн хязгаар бэрхшээл үүсгэх юм. Хэрэв өрийн хязгаарт багтаавал багахан хэмжээний мөнгө зээлэх боломжтой. Өөр нэг хувилбар нь бага хүүтэй их хэмжээний зээл авч, дотоодын зах зээлд гаргасан бондоо дахин санхүүжүүлэх юм.
Дотоодын зах зээлд гаргасан бондын жилийн хүү 15-16 хувь байгаа. Үүнийг 3-4 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлбэл хожоотой наймаа болно. Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр ч буурч, төсвийн ачааг хөнгөлөх юм. Сангийн сайд манай улс энэ жил нэг их наяд орчим төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахыг дуулгаад байгаа.
Манай улсын эдийн засаг дордсон учраас үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийг маань гурван удаа бууруулж, “тогтворгүй” гэж үнэлсэн. Тэгэхээр манайд өндөр хүүтэй буюу өөрөөр хэлбэл үнэтэй мөнгө олдоно. Эдийн засагчид арилжааны зээл авбал 10 орчим хувийн хүүтэй байна таамаглаж буй.
Өндөр хүүтэй зээл нь төсвийн зардлыг өсгөж, дарамт болно. Тиймээс л Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж зарим эдийн засагч зөвлөж байна. Учир нь “Стэнд бай” хөтөлбөрийн зээл 3-4 хувийн хүүтэй байдаг. Харин тус сангийнхны зааврын дагуу ажиллаж, өөрсдийн толгойгоор бодлого хэрэгжүүлэх боломж хязгаарлагдана гэдгийг мартах учиргүй.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн. Байдал маш хүнд байна” гэсэн мэдэгдэл санхүү, эдийн засгийн хүрээнийхний анхаарлыг онцгой их татлаа. Зарим тоо баримт нь хэтрүүлэгтэй сонсогдсон учраас тэд чихээ Засгийн газрын зүг сунгах нь тэр.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хямралыг даван туулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Тусгай хөтөлбөртөө ямар бодлого баримтлах бол, ямар арга хэмжээ авах бол. Сангийн сайд яагаад ийм сүржин мэдэгдэл хийсэн юм бол. Энэ мэт олон асуулт хариулт нэхэж байна.
Эдийн засаг амаргүй, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ агшиж мэдэх эгзэгтэй нөхцөл үүссэн нь үнэн. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын эдийн засаг 2016 оны эхний хагас жилд 1.4 хувиар өсөөд байна. Энэ бол хөдөө аж ахуйгаас бусад салбар уначихсан байгааг харуулсан тоо. Бусад нь “царцчихсан” байхад хөдөө аж ахуй дангаараа эдийн засгийг 4-5 хувиар өсгөх нөөцтэй салбар юм.
Ерөнхий сайд, Сангийн сайдын мэдэгдэл Засгийн газар хэзээ мөдгүй ямар нэг арга хэмжээ авахыг илтгэж байна. Гэхдээ ямар бодлогын сонголт хийхийг тааварлашгүй.