Манай орны эдийн засаг цаг, хором өнгөрөх тусам суларсаар байна. Эдийн засгаа хэрхэн тогтворжуулах вэ? Энэ асуултад хариулах гарцыг бид яаралтай олох учиртай. Манай сониныхон “Хямралын гарц” сэдвийн хүрээнд судлаачид, шинжээчдийн байр суурийг хүргэж, өөрсдөө ч дүн шинжилгээ хийхийг зорьж байна. “Хямралын гарц”-ыг хэлэх эхний зочноор Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханыг урьж ярилцлаа.
-Эдийн засгийн нөхцөл амаргүй байгааг олон хүн ярьж байгаа. Таны бодлоор эдийн засгийн нөхцөл ямар байна вэ?
-Хоёр жилийн өмнө хүндэрч эхэлсэн гэж үздэг. Эдийн засаг хямарсан, хямраагүй гэсэн байр суурьтай хүмүүс бий. Миний хувьд жилийн өмнөөс эдийн засаг хямралын байдалд шилжсэн, одоо нэлээд даамжирчихлаа гэж бодож байна. Үүнийг илэрхийлж буй гол үзүүлэлт нь Монгол Улсын эдийн засгийн сулрал юм.
Тодорхой салбаруудад 2015, 2016 оны эхний улирлын байдлаар уналт ажиглагдаж эхэлсэн. Одоохондоо уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбар л өсөлтийг эерэг гаргаад байна. Боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарт сайн үзүүлэлт харагдахгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит секторын үзүүлэлт муу байна. Монгол Улсын гадаад өрийн дарамт, хөрөнгө оруулалт хумигдсан гэсэн сөрөг хүчин зүйл эдийн засгийг улам муутгалаа. Эдийн засгийн сулрал нь санхүүгийн зах зээлдээ хүндрэл үүсгэж эхэллээ. Санхүүгийн салбарын эрсдэл маш өндөр болсон. Бидэнд сайн үзүүлэлт ховор байна даа. Монголын Улсын эдийн засаг нэлээд хүнд байгааг бүх үзүүлэлтээс нь харж болно.
-Валютын ханшийг эдийн засгийн толь гэдэг. Ам.долларын ханш сүүлийн хоёр сард огцом өслөө. Үүнийг хэрэг бишидсэний илрэл гэж бодож байна. Та юу гэж дүгнэх вэ?
-Манай улс валютын ханшаа алдаад удаж байна. Төгрөгийн ханш бусад валютын эсрэг 2013 оноос хойш суларч байгаа. Сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөнийг ажиглаж л байна.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн өмнө гадаадаас 700 сая ам.доллар оруулж ирж зарцуулснаас шалтгаалж долларын ханш 1950 төгрөгт хүрч буурсан. Сонгуульд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулснаар гадаад, дотоодын зах зээлд таатай уур амьсгал бүрэлдээд байна. Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг эерэг талаас нь харах болсон.
Нэг нам ялснаар нэгдмэл Засгийн газар байгуулж, шийдвэр хурдан гаргах боломж бүрдлээ гэж хөрөнгө оруулагчид харж байлаа. МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан нь ч үүнд нөлөөлсөн байх. “Чингис” бондын өгөөжийн түвшин буурах гэх мэтээр нааштай үзүүлэлт гарч эхэлсэн.
Гэтэл шинэ Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч эдийн засаг элгээрээ хэвтсэн гэсэн мэдэгдэл хийлээ. Үүнээс шалтгаалж ам.долларын ханш савласан гэж бодож байна. Түүнээс биш, ам.долларын орох, гарах урсгалд цочир нөлөөлчихсөн эдийн засгийн суурь шалтгаан байхгүй.
Дотоод, гадаад зах зээл шинэ Засгийн газраас эерэг мэдээ хүлээж байсан. Үүн дээр нь сөрөг мэдээллүүд гаргачихаар хөрөнгө оруулагчид эргэлзэж байна уу даа.
-Бизнесийнхэн “Доллар олдохгүй байна. Хомсдол нүүрлэчихлээ” гэж ярьж байна. Харин та улс төрөөс шалтгаалсан огцом өсөлт гэлээ. Таны байр суурь зөв үү?
-Бизнесийн идэвхжилтэй холбоотойгоор ам.долларын хомсдол хавар үүсдэг нь үнэн. Тэгээд урд хөршөөс ноолуур худалдан авах валют орж ирж, харьцангуй тогтворждог гэж ярьдаг. Өнгөрсөн өвөл долларын ханш нэг хэсэг хугацаанд огцом өссөн. Энэ бол Цагаан сарын худалдааны идэвхжилээс шалтгаалж байсан.
Харин энэ удаад гадаад худалдааны хэт идэвхжил алга. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг саарчихсан. Экспорт, импорт их хэмжээгээр багасчихаад байгаа. Импорт нь бүр их хэмжээгээр агшсанаас шалтгаалаад Монгол Улсын гадаадын худалдааны тэнцэл эерэг гараад байна.
Валютын хомсдол үүссэн нь үнэн. Гэхдээ сүүлийн 20 хоногт гэнэт хомсдоогүй. Хомсдол аажим үргэлжилсээр л байгаа. Засгийн газар сонгуулийн өмнө оруулж ирсэн доллароо зарцуулаад дуусчихсан. Зах зээлд хүчтэй нөлөөлж чадах валютын нөөц Монголбанкинд алга.
Гэсэн ч гэнэтийн өсөлтийн түвшинд хүргэх хомсдол нүүрлээгүй гэж бодож байна. Ерөнхийдөө бид дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол ам.долларын хомсдол аажмаар үргэлжилсээр байх болно.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд ямар арга хэмжээ аваасай гэж бодож байна вэ. Эдийн засгаа хүндрэлээс гаргах гарц юу вэ?
-Мэдээж гарц хайхаас өөр аргагүй. Одоохондоо энгийнээр харахад гарц хомс байна. Өмнөх эрх баригчид дандаа буруу шийдвэр гаргачихлаа. Хоёр жилийн өмнө би эдийн засгийн хүндрэлээс бие даагаад гарах боломж байна гэж харж байсан.
Харьцангуй боломжтой байлаа. Гэтэл одоо нөхцөл байдал бидний эсрэг болчихлоо. Төлөх цаг нь тулчихсан өр, гадаад зах зээлийн нөхцөл муу байна. Ийм үед гарц олоход хүндрэлтэй нь ойлгомжтой.
Шинэ Засгийн газрын зүгээс хийгээсэй гэж хүсэж буй гурван зүйл бий. Нэгдүгээрт, төсвийн зарцуулалт, сахилга батыг урт удаан хугацаанд зөв голдиролд нь оруулах арга хэмжээг 2016 оны төсвийн тодотголоор хийгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын төсвийн талаарх эрх зүйн орчин сайн гэж үздэг ч сахилга бат хангалтгүй, төлөвлөлт муу хэвээр байгаа.
Төсвийг зөв төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлдэг болгох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Хоёрдугаарт, төсөвт ирэх дарамтыг хэрхэн даван туулах арга хэмжээг тусгасан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төлөх цаг нь нүүрэн дээр тулж ирээд буй гадаад өрийн дарамтыг хэрхэн, яаж даван гарах вэ гэсэн цогц шийдэл хэрэгтэй.
Гуравдугаарт, богино хугацаанд эдийн засгийн уналтаас сэргийлэх, дунд хугацаанд уналтыг зогсоох, урт хугацаанд хөгжүүлэх гэсэн гурван чиглэлийн төлөвлөгөө хэрэгтэй. Мэдээж энэ төлөвлөгөөнийх нь нэг хэсэг нь төсвийн сахилга батаа сайжруулах, өрийн дарамтыг арилгах арга хэмжээ байх ёстой.
Мөн үүн дээр эдийн засгаа хөгжүүлэх бодлоготой уялдах мөнгөний зөв бодлого хэрэгтэй. Энэ дөрвөн зүйлийг гарцаагүй багтаасан мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээсэй.
-Хүндрэлээс гарахын тулд зээл авах шаардлагатай юу?
-Санхүүгийн хүндрэлийн эсрэг богино хугацаанд авах арга хэмжээ нь гадаадаас зээл авах юм. Бид ямар нэг аргаар ам.доллар оруулж ирэхээс өөр замгүй. Олон улсын санхүүгийн зах зээлд дахиад бонд гаргаж болно. Энэ бол санхүүгийн хүндрэлээс гарах нэг хувилбар мөн. Гэвч хүндрэлтэй хувилбар.
Манайх 2012 оны төгсгөлд олон улсын зах зээлд “Чингис” бонд гаргаж байсан үеэс өнөөгийн эдийн засгийн нөхцөл маш өөр болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл доошилж, гадаад нэр хүнд унан, өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдсээр байна. Эдгээр үзүүлэлт зээл авах нөхцөлийг хүндрүүлж байгаа.
Төсвийн алдагдал л гэхэд сүүлийн гурван жил нэг их наяд төгрөгөөс буурсангүй. Хамгийн сүүлд буюу сонгуулийн өмнө гаргасан Засгийн газрын бонд 11 орчим хувийн хүүтэй байсан. Энэ он гарснаас хойш “Чингис” бондын өгөөж их хэмжээгээр өссөн.
Сонгуулийн дараа харьцангуй буурч байснаас Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш дахиад өсчихлөө. Одоо өгөөж нь 8.3 орчим хувь байна. Иймээс бонд гаргавал өндөр хүүтэй байх нь тодорхой.
Бага хүүтэй бондыг өндөр хүүтэйгээр солих нь санхүүгийн хувьд маш харамсалтай, зохисгүй сонголт. Хоёр дахь гарц нь олон улсын тодорхой хөтөлбөрүүд буюу сүүлийн үед яригдаад буй “Стэнд бай”-г хэрэгжүүлэх.
Хоёр жилийн өмнө би “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байлаа. Одоо яах аргагүй сонголтын нэг хувилбар болчихоод байна. Өнгөрсөн хоёр жилд бидний нөхцөл байдал асар дордлоо. Тэгэхээр бид “Стэнд бай”-г хэрэгжүүлж болно.
-Одоо эсэргүүцэхээ больжээ.
-Эсэргүүцэхээ больсон. Одоо нэг боломжит хувилбар гэж харж байгаа. Гэхдээ эцсийн ганц арга зам биш. “Стэнд бай” дунд хугацаанд хэрэгждэг, зардал багатай хөтөлбөр.
Бид дунд, урт хугацааны мөнгө оруулж ирэх хэрэгтэй. Ер нь зардал багатай хувилбар энэ юм. Гэхдээ хүмүүсийг эргэлзүүлээд байгаа дагалдах нэмэлт шаардлагууд байхыг үгүйсгэхгүй. Энэ нь бидний зайлшгүй засах ёстой ажил ч байж болно.
Төсвийн сахилга батыг сайжруулах, цалин хөлсний зөв тогтолцоо бий болгох, мөнгөний бодлогоо хязгаарлах шаардлага тавих байх. Ер нь цалин хөлс нэмэхгүй байх, мөнгөний бодлогоос бусад нь бидний зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил.
Өмнөх Засгийн газрууд хариуцлагатай төсөв батална, бүсээ чангална гэсэн сайхан нэр томьёоны дор төсвийг хэлэлцүүлж байсан ч зардал нь үргэлж тэлсээр ирсэн. Зарим нэг сахилга батгүй байдлаа гадаадынхны шахалтын дор засах нь зөв ч юм бил үү. Арга тасарсан хүний яриа л даа.
Өөрсдөө чаддаггүй юм бол санхүүгийн байгууллагынхны хязгаарлалтын хүрээнд хийх хэрэгтэй гэсэн санаа шүү дээ. Ам.доллар оруулж ирэх ийм хоёр хувилбар байна. Арилжааны зээл авбал өндөр зардал төлнө. Зардал багатай санхүүжилт нь Засгийн газрын үйл ажиллагаанд хязгаарлалт болно.
-Олон улсын санхүүгийн байгууллагаас зардал багатай, урт хугацаатай зээл авах боломж бий юү?
-“Стэнд бай” гэж нэрлээд буй, Олон улсын валютын сангийн хөтөлбөр нь маш олон хувилбартай. “Стэнд бай”-д 20-иод төрлийн хэлцлийн хувилбар бий. Манай улс бусдаас хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан бол Сү.Батболдын Засгийн газрын үед буурайгаас хөгжиж буй орны статустай болсон.
Одоо манайх хандив авагч биш, харилцан түншлэгч улс. Тэгэхээр хандивлагчдын гарыг харах боломжгүй. Хөгжиж буй орны статустай болсон нь биднийг сайн харагдуулж буй ч нөгөө талаар урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авах боломжийг маань хязгаарлачихсан. Тэгэхээр олон улсын санхүүгийн байгууллагууд руу хандахгүй бол өндөр хүүтэй арилжааны зээл авч таарах болов уу.
Өөрөөр гадаадын хөрөнгө оруулалт болон долларын бусад орох урсгалыг нэмэгдүүлэх, экспортын гарцаа сайжруулах гэсэн хувилбар бий. Энэ хоёр арга их бүрхэг. Нэг жилийн дотор бид экспортын гарцыг сайжруулж чадахгүй. Нэг сайн мэдээ нь тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн байна лээ. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ энэ жил өссөн. Энэ нь валютын нөөцийг бага боловч нэмэгдүүлэх нөлөөтэй. Гэхдээ биднийг хүндрэлээс гаргах хэмжээнд байж чадахгүй.
-“Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ өсөөгүй цагт Монгол руу доллар урсахгүй, эдийн засаг нь саармаг хэвээр байна. Түүхий эдийн үнэ өстөл зээлээр л амь зогоох болно” гэж ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бүрэн санал нийлэхгүй. Бид 2005 оноос хойш өөрсдөө эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгосон. Уул уурхайгаас олсон мөнгөө зөв зарцуулж чадаагүй. Энэ бол бидний явсан буруу зам. Дэлхийн зах зээлд ханш нь унахаар түүхий эд гаргаад олдог мөнгө нь ч багассан, гадаадаас орж ирдэг хөрөнгө оруулалт ч буурсан.
Өмнөх Засгийн газар бонд гаргаж, хөрөнгө оруулалтын хомсдолыг түр аргацаасан. Харамсалтай нь бондоо зөв зарцуулж чадаагүй. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өстөл хүнд хэвээр байна гэдэг нь одоогийн дүр зургаас дүгнэвэл үнэн. Энгийнээр харахад, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэдэг ч үнэн.
Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар руу чиглэдэг. Бид өөрсдийгөө ийм байдалд оруулсан. Хямралын гол шалтгаан нь бид өөрсдөө юм. Гэхдээ энэ байдлыг өөрчилж болно гэж би харж байна. Өмнө нь ярьдаг байсан ч амжихгүй яваа зүйлээ хийх хэрэгтэй. Тэр нь эдийн засгаа солонгоруулах.
Бид социализмын үед бий болгосон үйлдвэржсэн эдийн засгийн бүтцээ хүртэл устгачихаад сууж байгаа. Зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн орон гэсэн XIX зууны эдийн засагтай явж байгаа. Бусад салбараа анхаарсангүй. Санхүүгийн салбараа дэлхийн түвшинд хүргэж чадсангүй. Засах зүйл, хийх ажил олон бий.
Засгийн газраас аль салбараа татвар, санхүү, зээлийн бодлогоор дэмжих юм, аль салбар нь уул уурхайтай хамт эдийн засгаа авч явах юм гэдгийг тодорхойлох ёстой. Уул уурхай бол эдийн засгийн салшгүй хэсэг хэвээр байх болно. Хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан, импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломж байна вэ.
Энэ бүгдийг судлаад эдийн засгийн хүндрэлээс гарах явцдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Зүгээр суумааргүй байна. Уул уурхайн салбараа хараад, түүхий эдийн үнэ өсөхийг хүлээгээд сууна гэвэл маш харамсалтай.