Япон улс Монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Японы Шизоүки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчид Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзах үеэр ийм яриа өрнүүлжээ.
Кавакацү Хэйта “Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд шинжилгээ хийхэд манай цахилгаан станцад тохирно гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Монголоос нүүрс импортлох сонирхолтой байгаа” хэмээн ярьсан байна.
Харин Эрчим хүчний яамныхан уг саналыг хүлээн авч, цаашид нарийвчлан судлахаар болсон гэнэ. Манай улс Япон, Солонгос руу нүүрс экспортлох сонирхолтой байдаг ч тээвэрлэлтийн зардал өндөр тул ажил болгож чадаагүй байна.