Монголын мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, ам.долларын ханш цойлсоор байна. Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр нэг ам.долларыг 2072 төгрөгөөр авч, 2075 төгрөгөөр борлуулж байв. Энэ талаар тус захын нэгэн ченж “Ам.долларын ханш огцом өсөж байна. Бараг сүүлийн нэг сарын турш ханш нь тасралтгүй нэмэгдэж байгаа. Өнөөдөр (өчигдөр) ам.долларын ханш 2070 төгрөг давчихлаа” гэв.
Тэгвэл шинжээч Ч.Анхбаяр “Өдийд ам.долларын ханш өсдөг. Долларын ханш дээшилсэн нь импортлогч компаниудад хүндээр тусаж байгаа. Нөгөө талд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа тул ханшийн энэ өсөлт тэдгээр компанид шууд дарамт болно. Үйлчилгээ, худалдааны салбар эдийн засагт ихээхэн хувь эзэлдэг. Эдийн засгийн өсөлт хасах руу ч орж болзошгүй. Валютын нөөц багасаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь мэдээж ам.долларын ханшид нөлөөлж байгаа” гэв. Төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцсон ч уг валютын ханш тасралтгүй чангарсаар дээрхээс илүүгээр өсөж, бас эдийн засагчдын таамгийг ийнхүү өөрчлөхөд хүргээд байна.